УИХ-ын гишүүн Г.Батхүү
2013.12.03

Замын салбарт стандарт үгүйлэгдэж байна

Бүх аймгийн төвийг нийслэлтэй авто замаар холбоно, жилдээ  1800 км замыг ашиглалтад оруулна гэдэг засгийн газрын бодлого.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд замчид нэгдэх шаардлагатай. Энэ хүрээнд ажиллах нь зөв гэдгийг “Авто замчдын гуравдугаар чуулган”-д оролцсон УИХ-ын гишүүн Г.Батхүү онцоллоо.

Тэрээр “Эдийн засгийн, эрх зүйн орчныг тогтвортой найдвартай болгох, хувийн хэвшлийн байгууллагууд тэр дундаа үндэсний авто замын байгууллагуудыг бэхжүүлэх, хөгжүүлэх, чадавхижуулах, технологижуулах, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах олон ажлыг хамтдаа шийдэх зайлшгүй шаардлага байгаа гэдгийг маш сайн ойлгож байгаа” хэмээн хэллээ.

Замын салбарт стандарт үгүйлэгдэж эхэлсэн. Учир нь сүүлийн жилүүдэд чанаргүй зам гэх ойлголт бий болж тэр хэрээрээ шүүмжлэл дагуулж байгаа. Авто замын ачаалал нэмэгдэж, туулах чадвар нь өсч байна. Иймээс замчид ирэх жилүүдэд замын чанарт анхаарах шаардлагатай.

Авто замчдын холбооны тэргүүн Т.Бямбаа “Замын стандартыг нэн тэргүүнд өөрчлөх хэрэгтэй байна. Урьд нь 55-ын сонсмол 5см байсан. Одоо бол норм стандартад нийцсэн, тооцоолсон үзүүлэлтийн дагуу хийдэг байх хэрэгтэй” хэмээн ярилаа.

 60-100 тонн- ын ачаатай машин явахад эвдрэхгүй зам барих шаардлага бий болсон. Улаанбаатар хотын авто зам богино хугацаанд эвдэрч гэмтдэг шалтгаан нь чанар. Үүн дээр нэмээд стандарт гэдэг ойлголт энэ салбарт үгүйлэгдэж байна. Үүнийг яаралтай шийдэж нэг ойлголттой болох талаар энэхүү уулзалтад оролцогчид хэлж байлаа.