Г.Батхүү: Худалдааны тээврийг иж бүрнээр нь зохицуулна
"Монголын тээврийн логистик өнөөгийн байдал, цаашдын хөгжил" сэдэвт илтгэл Төрийн ордонд үргэлжилж байна. Дамжин өнгөрөх тээвэр, логистикийн нэгдсэн бодлого боловсруулах УИХ-ын ажлын хэсгийг Г.Батхүү гишүүн ахалж байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Батхүүгээс энэ талаар зарим зүйлийг тодруулахад,
-УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг гарч Логистикийн тухай хуулийг боловсруулж байна. Дэлхийн уул уурхайн хөгжсөн орнуудын туршлагыг хууль боловсруулахдаа анхаарч үзэж байна.
Нөгөө талаас төрөөс логистикийн чиглэлд баримтлах бодлогыг гаргаж ирснээр уул уурхайгаа хөгжүүлж, газар нутаг хоорондын үнэ тарифыг зохицуулж, автотээвэр, агаарын тээвэр, төмөр замын тээвэртэй уялдсан худалдаа тээврийг иж бүрэн зохицуулна.
Бид Ази Европыг холбосон транзит тээврээ хөгжүүлэх хэрэгтэй.
Бид эрчим хүч, дэд бүтцээ тавьсаар байгаа. Гэхдээ энэ нь логистикийн төв мөн үү. Худалдааг либералчлах тухай ярьж байгаа ч тээврийн зардлыг хямдруулж чадахгүй байгаа. Улаанбаатараас Ховд руу ачаатай машин явлаа гэхэд Ховдоосоо ачаагүй, хоосон ирж байх жишээтэй.
Уг нь хоёр талдаа ачаатай ирэх ёстой. Манайд сөрөг тээвэрлэлт явагдаж байна. Бид Ази Европыг холбосон транзит тээврээ хөгжүүлэх хэрэгтэй юм. Зорчигч тээврийн хөгжлийн бодлогыг цаашлаад хөгжүүлэх хэрэгтэй. Ингэвэл бид одоо байгаа баялгаа хямд үнээр тээвэрлэх боломжтой болох юм гэлээ.