Шадар сайдын айчлал амжилттай боллоо
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва энэ сарын 16-19-ний өдрүүдэд ХБНГУ-д ажлын айлчлал хийгээд ирлээ.
Айлчлалын хүрээнд Шадар сайд арванхоёрдугаар сарын 17-ны өдөр болсон ХБНГУ-ын Бундестаг Холбооны Канцлерыг сонгох болон Холбооны Канцлер Ангела Меркелийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцож, Холбооны Канцлер А.Меркельд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын баярын мэндчилгээг дэвшүүлэв.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцох үеэр тэрээр Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Г. Мюллер, Батлан хамгаалахын сайд У. фон дер Лайн, Гэр бүл, ахмад настан, эмэгтэйчүүд, залуучуудын сайд М.Швезиг, Хүрээлэн буй орчин, байгаль хамгаалал, барилга болон цацраг идэвхжилтийг хамгаалах сайд Б.Хендрикс нартай тус тус уулзаж, баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.
Мөн түүнчлэн Шадар сайд Д.Тэрбишдагва Холбооны дэд канцлер, Эдийн засаг, эрчим хүчний сайд З.Гаврийлтай уулзаж, ярилцав. ГСДН-наас зохион байгуулсан канцлер агсан В.Брандын 100 жилийн ойн арга хэмжээний үеэр тэрээр сайд З.Гаврийльтай дахин уулзаж, өнөөгийн хоёр орны хоорондын эдийн засгийн харилцаа, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцсан нь маш чухал арга хэмжээ болов.
Шадар сайд Д.Тэрбишдагва мөн Холбооны Гадаад хэргийн сайд Ф.В. Штайнмайертай уулзаж, түүнд баяр хүргэсний зэрэгцээ, 2014 онд болох хоёр орны хооронд болох дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн арга хэижээний талаар ярилцаж, түүнийг Монгол Улсад айлчлахыг урив.
Түүнчлэн Холбооны Гадаад хэргийн сайд Ф.В.Штайнмайерын зохион байгуулсан “Эдийн засгийн форум“-д оролцож, үг хэлэв. Шадар сайд Д.Тэрбишдагва ажлын айлчлалынхаа цөөхөн хоногт Холбооны Засгийн газрын хамгийн чухал сайдуудтай ийнхүү уулзаж, хоёр орны харилцааны талаар ярилцсан нь онцгой ач холбогдолтой болов.
Тэрээр мөн ХБНГУ-ын нэр хүндтэй улс төрч, Холбооны канцлер асан Г. Шрөдертэй уулзаж ярилцав. Айлчлалын хүрээнд Шадар сайд Д.Тэрбишдагва германы нэр хүнд бүхий томоохон компаниудын удирдлагатай, үүнд төмөр замын Дойче бааны ТУЗ-ын дарга Грубе, агаарын тээврийн Луфт Ханза консалтинг ХХК-ны захирал А. Краус болон Сэргээн босголтын зээлийн банкны удирдлагатай уулзав.