МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.09.30

Монгол Улс төмөр замын бетон дэрний үйлдвэртэй боллоо

Ерөнхий сайд Н. Алтанхуяг Төмөр замын бетон дэрний үйлдвэрийн нээлтэд оролцоо.

Салбартаа төдийгүй  Монголд хамгийн томд тооцогдох энэ үйлдвэрт эрчим хүч, дулааны шугам сүлжээ, дэд бүтэц, зам барилгын төмөр бетон эдлэлүүдийг  үйлдвэрлэх юм байна.  Үйлдвэрийн гурван  шугам дээр нэг удаад 1128 ширхэг бетон дэр цутгаж, жилдээ 350-500 мянган ширхэг бетон дэр гаргана хэмээн "Улаанбаатар-БҮК" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Нямхүү тайлбарласан.   

 "Байшин үйлдвэрлэх комбинат" социализмын үед нийслэлийн III, IV хорооллыг босгосон түүхтэй. Харин одоо тус комбинатыг сэргээж, шинэ бүтээн байгуулалтын гол бэлтгэн нийлүүлэгч болгохоор Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн хавар шийдвэр гаргаж, хөрөнгө төсөв баталсныг уншигчид санаж буй бизээ. Энэ дагуу тухайн үйлдвэрт орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд суурилуулжээ. Мөн туршин тохируулж, үйлдвэрлэлд бэлэн болгосноо өчигдрийн араг хэмжээний үеэр холбогдох албаныхан танилцууллаа.

Үйлдвэрлэлийн гол тоног төхөөрөмжүүд нь Английн RMS компанийнх гэнэ. Харин тэнхлэг дээрээ 23-32 тн-ыг даах хүчин чадалтай бетон дэр гаргадаг байна. Тодруулбал, 132 тн жинтэй вагон явах даацтай гэдгийг ч албаныхан сануулаад авсан. Тэдний ярьж буйгаар өдгөө бетон дэрэндээ Англи улсын Пандрол системийн бэхэлгээ, хэвийг ашиглаж байгаа аж. Уг бэхэлгээ нь дэлхийн хамгийн халуун, хүйтэн цэгүүдэд, хурдан, хүнд даацын төмөр замуудад ашиглаж байгаа сүүлийн үеийн технологи гэж байлаа.

Иймд Европ стандартад бүрэн нийцүүлэн үйлдвэрлэсэн бетон дэрийг ирэх хавар эхлэх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 217 км шинэ төмөр замын угсралтын ажилд ашиглахаар төлөвлөөд байна.  Төмөр замын угсралтад шаардагдах 500 мянган ширхэг бетон дэрийг өвөл бэлтгэж, хугацаа хоцруулалгүй нийлүүлэх гол ачааг энэ үйлдвэр үүрэх юм байна.

Төмөр замын бетон дэрний үйлдвэрийн нээлтийн арга хэмжээний үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Энэ үйлдвэрийг дагаж өндөр технологи Монголд нэвтэрч байгаа. Түүнчлэн нийгэм, эдийн засагт ч олон эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна" гэлээ.

Ер нь 1991 оноос хойш Монголд өвлийн улиралд бетон зуурмаг үйлдвэрлэх боломжгүйд хүрээд байжээ. Гэтэл өнөөдрөөс  "Улаанбаатар БҮК"-ийнхэн энэ асуудлыг шийдвэрлэж, 400-500мЗ элс хайрга халаах дөрвөн бункер зохион бүтээж үйлдвэрлэлдээ нэвтрүүлээд буй юм. Тэгээд ч Бетон дэрний үйлдвэрийн хангалт, борлуулалт, тээвэрлэлтийн сүлжээнд олон ажлын байр бий болно хэмээн төлөвлөөд байна.

Энэ бүхнээс илүүтэй төмөр замын дэр модыг бетон болгосон нь эх орныхоо үнэт баялаг ой модыг хамгаалж буй хэрэг аж. Дээр нь одоо байгаа 1000 гаруй км төмөр замын модон дэрийг солих боломж ч бүрдэх гэнэ.

Цаашлаад экспортод гаргах бүтээгдэхүүний шинэ нэр төрөл бий болно. Гол нь Монголын шинэ төмөр зам дэлхийн стандартад бүрэн нийцнэ гэдгийг "Улаанбаатар-БҮК" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Нямхүү онцолж байлаа.