Ц.Даваасүрэн: Аль нэг намд орох бодол бие даагчдад байхгүй
Байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан Намын бүлэг хуралдаж байнгын хороодын дарга нарыг улираах шийдвэр гаргажээ. Гэхдээ бие даагчдын зөвлөлийн гишүүдийг байнгын хорооны даргын суудлаар нь шантаажилж, Ардчилсан Намд элсэхийг шаардсан гэсэн яриа төрийн ордонд гараад байна.
УИХ-д олонхийг бүрдүүлж буй Ардчилсан Нам, “Шударга ёс” эвсэл, Иргэний Зориг-Ногоон Нам, Бие даагчдын зөвлөл нь Шинэчлэлийн Засгийн тулгуур бөгөөд нийлээд парламентын 50 суудлыг бүрдүүлж байдаг. Ардчилсан Нам 34, “Шударга ёс” эвсэл 11, Иргэний Зориг-Ногоон Нам хоёр, Бие даагчдын зөвлөл гурав гэсэн харьцаатай байна. Эрх баригч намаас 15 сайд, Шударга ёс эвслээс гурав, Иргэний Зориг-Ногоон Намаас нэг сайд Засгийн Газарт ажилладаг бол бие даагчдын зөвлөл Төсвийн байнгын хороогоор дамжуулан олонхийг хянадаг.
Байнгын хороодын дарга нарын бүрэн эрх дууссан ч бүгдийг нь улираах шийдвэр гарсан. Харин Шударга ёс эвсэл байнгын хорооны даргаа сольж магадгүй гэсэн мэдээлэл байна. Бие даагчдын хувьд тэднийг Ардчилсан Намд элсэх юм бол төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг хэвээр үлдээнэ гэсэн яриа гарлаа.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
Эрх баргигчдын болохыг нь дэмжиж, болохгүйг нь шүүмжилж явна
Сонгуулийн үеэр бид ард түмнээ төлөөлнө гэж хэлчихээд өнөөдөр аль нэг намд элсэнэ гэвэл ард түмнээ хуурсан хэрэг болно. Тиймээс бие даагчдад ямар нэгэн намыг сонгох бодол алга. Хэрэв хэрэг нам сонгох дээр тулвал бид тийм сонголт хийхгүй. УИХ болон Засгийн Газрын үйл ажиллагааг тогтвортой байлгах үүднээс бид олонхитойгоо хамтраад явж байна. Болохыг нь дэмжиж, болохгүйг нь шүүмжилж явах л болно.
Бие даагчид олонхийн бүлгээс гарвал ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа Ардчилсан Намд томоохон асуудал гарч мэднэ. УИХ-д 39 гишүүн олонхийг бүрдүүлдэг ч хууль батлах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд хангалттай хүч заавал байх ёстой. Ардчилсан Нам бие даагчдыг шахсан нь эргээд том асуудал тарьж мэдэхээр байна.