Дөрвөн байнгын хорооны даргыг улираахыг дэмжлээ
УИХ-ын Байнгын хороо
2013.12.25

Дөрвөн байнгын хорооны даргыг улираахыг дэмжлээ

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын Байнгын хорооны дарга нарын бүрэн эрхийн хугацаа нэг жил байдаг.

Өнөөдөр хуралдсан таван байнгын хорооны хуралдаанаар байнгын хорооны дарга нарын асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар нарыг улираан сонгохыг байнгын хорооны гишүүд дэмжсэн учраас ийнхүү маргаашийн чуулганы хуралдаанаар танилцуулах юм байна.

 УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хууль зүйн байнгын хороог удирдаад аваад явчих хууль зүйн мэдлэгтэй өөр хүн байхгүй юм уу гэсэн асуултыг Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад тавилаа. Харин гишүүн Д.Эрдэнэбат хууль зүйн байнгын хороог чадварлаг хүн удирдах ёстой гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ Ш.Түвдэндорж гишүүн өнгөрсөн хугацаанд туршлага суусан гэж үзэж намын бүлэг энэ албан тушаалыг нь хэвээр үлдээхээр шийдлээ гэсэн тайлбарыг өгсөн юм.

Харин одоо Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд энэ асуудлыг хэлэлцэх асуудлын төгсгөлд хэлэлцэх юм байна.

Мөн үлдсэн гурван байнгын хороо буюу Аюулгүй байдал, гадаад бодлого, Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухаан, Өргөдлийн байнгын хороодын хуралдааныг маргааш чуулганы хуралдааны өмнө зарлан хуралдуулахаар болжээ.