УИХ бол ямар нэгэн компани биш.
2013.12.25

Ирсэн дарааллаар үг хэлнэ гэдэг УИХ-ын гишүүдийн эрхийг зөрчиж байгаа хэрэг

УИХ-ын гишүүдийн ирцийг хурууных нь хээгээр бүртгэх гэсэн нь гишүүдийн ёс зүйгүй байдлыг хангалттай харуулсан юм. Ирцийг хуульчлан бүртгэхгүйгээр, байгаагаар нь орхиж, 2016 оны сонгуулиар ард түмэн дүн тавих бололцоог үлдээх хэрэгтэй юм.

Ирсэн дарааллаар үг хэлнэ гэдэг УИХ-ын гишүүдийн эрхийг зөрчиж байгаа хэрэг. Ард түмэнд таалагдах гэж туйлширч болохгүйг туршлагатай гишүүн С.Баярцогт сануулсан бол МАН-ын намын бүлгийн ахлагч С.Бямбацогт хурууны хээгээр ирц бүртгэх хуульгүй байж шууд ийм зүйл хийж болохгүй гэдгийг онцоллоо. Харин УИХ-ын дарга З.Энхболд гишүүдийн ирцийг бүрдүүлэх үүрэг УИХ-ын даргад байдаг учир тийм хууль шаардлагагүй гэсэн тайлбарыг өгсөн юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

УИХ-ын гишүүн бол олон түмний төлөөлөл. Тухайн санал хураалтад оролцох эсэх гишүүн хүний сонголт. Гэтэл одоо мөрдөх гээд байгаа дэгээр бол өглөө л ирсэн бол хүсэхгүй ч байсан бүх асуудалд оролцох болчихоод байна. УИХ-ын гишүүн хүнийг хүчээр санал өгүүлдэг дүрэм байж болохгүй.

УИХ бол ямар нэгэн компани биш. Үг хэлэх эрхэд нь халдаж байгаад УИХ-ын олон гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. Монголын парламент ирц, үг хэлэх гэсэн шалихгүй асуудалд анхаарал хандуулахын оронд хүний өмнөөс кноп дардаг байдлыг зогсоомоор.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Бусдын кнопыг дарж, хүний өмнөөс санал өгдгийг болиулах нь хамгийн чухал. Гэтэл энэ дэгээр бол өглөө бүртгүүлсэн гишүүдийн үлдээсэн картыг хэн нэг нь бүгдийг нь дараад явчих болчихоод байна. Миний өмнөөс хэн ч кноп дарах боломжгүй болгох нь УИХ-ын даргын гол үүрэг. Бусдын кнопыг дарж баталсан хууль бол хууль бус хууль.

Хурууны хээгээр бүртгэх төхөөрөмжийг үндэсний программ хангамжийн компани програмчилсан ч зарим гишүүдийн микрофон ажиллахаа больж, санал хураалтын явцад эндүү ташаа зүйл гарсан учир МАН үүнийг эсэргүүцэж хурлаас завсарлага авсан. Дэгийн тухай хуульд оруулах өөрчлөлтийг дахин хэлэлцэнэ.