Д.Оюунхорол: Ч.Улаан олон жил Сангийн сайд хийсэн. Эдийн засгийн доройтол тантай холбоотой
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2013.12.24

Д.Оюунхорол: Ч.Улаан олон жил Сангийн сайд хийсэн. Эдийн засгийн доройтол тантай холбоотой

УИХ-ын чуулганаар Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ асуудлаар гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: 

УИХ-д сууж байгаа 76 гишүүн амьдралаас хэтэрхий их тасарчихсан юм байна. Өдөр тутам худалдаа наймаа хийдэг хүмүүстэй очиж уулзлаа. “Шинэ жилийн үед ашиг орлого ахиухан олдог байсан. Тэгэж чадахгүй байна. Худалдан авалт муудсан” гэж байна. “Н.Алтанхуяг гэдэг хүн яагаад амьдрал сайхан байна гэж хэлээд байгаа юм бэ” гэдгийг асуугаад өгөөч гэсэн.

Яагаад үүнийг худлаа гэж хэлээд байгаа юм бэ. Ч.Улаан сайд өмнө нь эдийн засаг муу байсан гээд байна. Та олон жил Сангийн сайд хийсэн. Энэ бүгд тантай холбоотой. 40 дээш насны ажилгүй орлогогүй байгаа иргэд “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гээд сууж байна. Байнгын хороон дээрээ наад дарга сайд нараа юу гэж үнэлсэн юм бэ. 

 УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

-Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг хэлэлцээд огцруулахыг дэмжих боломжгүй гэж үзжээ. Гишүүдийн зүгээс хууль зөрчсөн асуудлууд дээр юу гэж дүгнэсэн бэ? Огцруулах боломжгүй гэж ямар үндэслэлээр дүгнэсэн бэ? Төсвийн байнгын хорооны дүгнэлт мөн ялгаагүй. Үндэслэл нь алга.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар:

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар

-Байнгын хорооны дүгнэлтийг боловсруулахдаа өмнөх УИХ-ын дүгнэлтийг харьцуулж бичсэн. Харин боломжгүй гэдэг үгийг үндэслэлгүй гэдгээр соль, техникийн алдаа гаргасан байна.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Дүгнэлт гаргасны дараагаар засч залруулах асуудал байна. Үүнийг сайд анхаараарай гэдгийг хэлсэн. Ялангуяа хөрөнгө оруулалтын асуудалд анхаарч ажиллах талаар чиглэл өгсөн. Оны төгсгөлд Сангийн сайдын төсөв хэрэгжилтийн гүйцэтгэлтэй холбоотой тайлан сонсоно. Төсвийн гүйцэтгэл бол Сангийн сайдын ажлын үр дүн байдаг.