С.Бямбацогт: Сайдуудыг огцруулах асуудал үндэслэлтэй
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах тухай асуудлаа дахин хэлэлцжээ.
Уг асуудлыг өнгөрсөн долоо хоногт холбогдох байнгын хороогоор хэлэлцсэн ч гишүүдийн олонхи нь "Сайд нарыг огцруулах шаардлагагүй" гэсэн шийдвэрийг гаргасан юм. Маргааш энэ асуудал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж эцэслэгдэх учиртай. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс сайд Н.Батбаяр, Ч.Улаан нарыг огцруулах үндэслэл хангалтгүй, сөрөг хүчний зүгээс шалтгаан болгож асуудлыг хөндөж байна гэж үзсэнийг УИХ дахь МАН-ын бүлэг санал нийлэхгүй болохоо бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.
Мөн тэрээр Монгол Улсын зээлжих зэрэглэл -В-рүү орсон, гадаадын шууд хөрөнгө оруулалт 60 хувиар буурсан, Монгол Улсын 2013 оны төсөв 1.5 их наяд төгрөгөөр тасарсан, үндэсний аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, үйлдвэрлэл явуулах боломжгүйд хүрсэн.
Валютын ханш тогтмол өссөөр 1700 төгрөг давсан, Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарсан тухай тогтмол сануулах болсон төдийгүй гурил, будаа, мах, сүү, өндөг гээд бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсч, иргэдийн худалдан авах чадварт сөрөг нөлөө үзүүлэх болсон учраас УИХ дахь МАН-ын бүлгээс нэр бүхий хоёр сайдыг огцруулах асуудлыг УИХ-д тавьсан.
МАН-ын бүлгээс нэр бүхий хоёр сайдыг огцруулах асуудлыг УИХ-д тавьсан.
Нөгөөтэйгүүр, сайд Ч.Улаан дөрвөн хуулийн 14 заалт, сайд Н.Батбаяр мөн дөрвөн хуулийн 13 заалтыг зөрчсөн. Энэ бүхэн сайдуудыг огцруулах хангалттай үндэслэл болсон гэлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол "Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан нь цаад агуулгаараа хувийн хэвшлийнхэн зээл авах боломжгүй болгож байгаа. Нөгөө талдаа эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн нь 40-өөс дээш насны орлогогүй иргэдэд маш эмзэг тусч байгаа тул өмнө нь иргэдэд сар тутамд олгож байсан 21 мянган төгрөгийг ажилгүй, орлогогүй, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай хэсэгт хүргэх чиглэлээр УИХ бодлого гаргах ёстой болж байгаа.
Тийм учраас УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Хүний хөгжлийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд халамж зайлшгүй шаардлагатай иргэдэд сар тутамд 21 мянган төгрөг олгох асуудлыг тавих болно гэлээ.
Мөн бүлгээр хэлэлцсэн гурав дах асуудал нь улаанбуудайн импорттой холбоотой аж. Монгол Улсын Засгийн газраас улаанбуудайг импортоор авахаар болж, ирэх оны зургадугаар сарын 1-н хүртэл Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор нэлээд зүйлийг нягтлах шаардлагатай гэж үзжээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн мэдээллээр бол Монгол Улс Атрын гуравдугаар аяныг хоёр Засгийн газар дамжуулан хэрэгжүүлсний дүнд улаанбуудай гадаадаас импортоор авах бус экспортлох хэмжээнд очиж, амжилт олсон.
Гэтэл жил гаруйхны дотор хүрсэн төвшингөөсөө ухарсан нь Засгийн газрын үйл ажиллагаа тэр дундаа Үйлдвэр хөдөө аж ахуйн яам ажлаа хийж чадаагүйтэй холбоотой гэж үзэж байна. Тухайлбал, Монгол Улс 2012 онд 452.5 мянган тонн улаанбуудай хураан авч байжээ. Гэтэл ганцхан жилийн дотор буюу Шинэчлэлийн Засгийн газар ажилласан энэ хугацаанд улаанбуудайн ургац 369.8 мянган тонн болж өмнөх жилийнхээс 95.3 мянган тонноор буурсан нь үүний нотолгоо гэж үзэж байна.
Мөн тариаланчдын хувьд улаанбуудайг 1 тонныг нь 400 мянган төгрөгөөр худалдан авах сонирхлыг илэрхийлсэн ч төр нь хүлээж авалгүй 320 мянган төгрөгөөр үнэлсэн. Үүнээс болж тариаланчид алдагдал нэлээд хүлээсэн тул өнгөрсөн хавар тариалалтаа багасан байх талтай аж. Тиймээс улаанбуудай импортоор авахад олон асуудлыг нягтлах шаардлага байна гэж үзжээ.
Нөгөөтэйгүүр, "Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр"-ийн хүрээнд гурил үйлдвэрлэгч 20 гаруй аж ахуйн нэгжид 48.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон. Энэ бүхэн үр дүн дагуулсан уу гэдгийг нягтлах шаардлагатай хэмээн цөөнхийн бүлэг үзсэн юм байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.