С.Бямбацогт: Эдийн засаг, төсөв хариуцсан сайдтай нь эхний ээлжинд бид хариуцлага тооцох хэрэгтэй
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл хийв.
Тэрбээр Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтаа улам сайжруулна гэлээ. Мөн намрын чуулганаар хэлэлцэж буй зарим хуулийн төслүүд дээр МАН-ын бүлэг зарчмын өөр байр суурьтай байгаа аж. Тухайлбал газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг түр хойшлуулах саналтай байгаа юм байна. Түүнээс дараах тодруулгыг авлаа.
-Ухаалаг төрийн талаар сүүлийн үед нэлээд яригдлаа. Эхний ээлжинд юу хийвэл дээр вэ?
-Монгол улсын Ерөнхийлөгч саяхан ухаалаг төртэй болох санаа дэвшүүллээ. Бид энэ зүгт тодорхой зүйл хийхээс аргагүй юм. Өнөөгийн Засгийн газар ухаалаг бус байна. Ерөнхийлөгчийн санаачлага аль болох хурдан хэрэгжиж үр дүнд хүрэх ёстой. Үнэхээр ухаалаг төртэй болох гэж байгаа бол Ерөнхийлөгч маань "давхар дээл"-ийн асуудлыг шийдэх алхам хийх хэрэгтэй.
"Давхар дээл" гэдэг нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгааг хэлж байгаа хэрэг л дээ. Заавал 2016 оныг хүлээх хэрэггүй. 2014 онд шийдээд хууль батлагдсан үеэс нь үүнийг хэрэгжүүлээд явж болно. Тиймээс бидний энэ саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжих байх гэж найдаж байна.
-Зарим сайд нар нь ажлаа хийж чадахгүй байна гэсэн шүүмжлэл өрнөж эхлээд байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Тиймээ. Өнөөдөр сайд нар ажлаа хийж чадаж байна уу, үгүй гэдэг асуудал яригдаж байна. Саяхан болж өнгөрсөн МАН-ын 27 дугаар их хурлынхаа дараа бид 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт очиж ажилласан. Үнэхээр иргэдийн маань амьдрал хүнд байна. Энэ бол нэг талаасаа яах аргагүй Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой.
Амьдралд сөргөөр нөлөөлөх асуудал үүсгэсэн Эдийн засаг, төсөв хариуцсан сайдтай нь эхний ээлжинд бид хариуцлага тооцох хэрэгтэй байна. Ингээд цааш цаашдаа иргэдийнхээ санаа бодлыг сонсож, дараа дараагийн сайд нартай хариуцлага тооцох тухай яръя гэж байгаа юм.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн сэдвээр танай намын бүлэг дээр аль зэрэг ярьж байгаа вэ?
-Ерөөсөө энэ ухаалаг төр рүү гээд яриад байгаа асуудал чинь Үндсэн хуулиасаа эхлэх ёстой юм шүү дээ. Нөгөө дордуулсан долоон өөрчлөлтөөс авахуулаад ярих юм их бий. Ярьж ч байгаа. Манай намын бүлгийн зарим гишүүд сумын засаг даргыг ард иргэдээсээ сонгодог болох тухай хуулийн төслийг өргөн бариад жил гаруй болох гэж байна. Харамсалтай энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүй, хүлээгдээд байгаа юм.
-Танай намын бүлгийн дэд даргыг өөрчлөх асуудал яригдаж байгаа юм уу?
-Энэ чинь арай болоогүй байгаа зүйл шүү дээ.