С.Бямбацогт: Бид ойлголцож зөвшилцөж ажиллах ёстой
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдсон С.Бямбацогт
2013.12.12

С.Бямбацогт: Бид ойлголцож зөвшилцөж ажиллах ёстой

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдсон С.Бямбацогт гишүүнээс тодрууллаа.

-Юуны өмнө бүлгийн дарга болсонд баяр хүргэе. Ажилдаа ямар зарчим баримталж ажиллах вэ?

-Сөрөг хүчин буюу цөөнхийн бүлгийн дарга хийнэ гэдэг амар ажил биш. Хариуцлагатай, санаачилгатай, идэвх зүтгэл чармайлт гаргаж хийх ёстой ажил. МАН-ын 27 дугаар Их хурлаас хойш намын бүлгийн гишүүд 21 аймаг, есөн дүүрэгт ажилласан. Энэ үеэр бүлгийн гишүүдийг илүү санаачилгатай ажиллаач гэсэн шаардлагыг намын гишүүд, ард иргэд тавьж байсан. Тийм болохоор бидний хувьд хийх ажил их байна. Сөрдөг биш бүтээлч бүлэг байлгахын тулд өөрөөс хамаарах бүхнийг хийж ажиллана.

-2016 оны сонгуулийн өмнө Та УИХ дахь намын бүлгээ удирдах хариуцлагатай албан тушаал хүлээн авлаа?

-Бүлэг дээр тулгуурлаж улс төр явагдана. 2016 оны сонгуулийн үр дүн, МАН-ын ялалт бүлгийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Тиймээс 26 гишүүн маань үүнд манлайлж ажиллах ёстой гэж ойлгож байгаа.

-Сөрөг хүчний зүгээс зөвшилцлийн бодлогыг баримталж ажиллана гэж М.Энхболд намын дарга болохдоо хэлж байсан. Энэ бодлогыг бүлэг баримтлах уу?

-Өнөөдөр Монголын төр бодлогогүй байна. Бодлогогүй байгаагийн харгайгаар улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал хүндэрсэн. Тийм учраас бид харилцан ойлголцож зөвшилцдөг байвал бодлого тогтвортой, тодорхой болох юм. Олонх нь хүч түрсэн байдлаар төрийн бодлогыг тодорхойлоод, цөөнх нь олонх болсон үедээ өмнөх бодлогоо өөрчилдөг байдлаар 20 гаруй жил явж ирсэн. Энэ байдлыг өөрчлөхийн тулд бид ойлголцож зөвшилцөж ажиллах ёстой.

-Цаашдаа хууль тогтоох үйл ажиллагаатай холбоотой бодлогын төвшинд шийдэх ёстой асуудалд бүлгийн зүгээс хэрхэн анхаарах вэ?

-Засгийн газар сайн ажиллаж чадахгүй байгааг хаа сайгүй ярьж шүүмжилж байна. ё УИХ-аар хэлэлцэх гэж байгаа хуулиуд дээр анхаарах зүйлүүд бий. УИХ-ын нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдааны ирц бүрдэхгүй байна. Олонхид олонх шиг бай, ард түмний өгсөн итгэлийг дааж ажилла гэдэг шаардлагыг тавьж ажиллана.