Л.Энх-Амгалан: 18 тэрбумаар ААН-үүдийг шалгаж байна
Бизнесийн орчны өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж, төрийн бодлого, шийдвэрт тусгуулах, улмаар бизнес эрхлэгчдийг хамгаалалтад авах зорилготой УИХ дахь МАН-ын бүлэг, бизнес эрхлэгчдийн уулзалт боллоо.
Энэ үеэр 20 гаруй жил бизнесийн салбарт зүтгэсэн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа.
Бизнес эрхлэгчидтэй хийж байгаа энэ уулзалтаас ямар үр дүн гарах вэ?
Бизнесийн орчин улс орны хөгжилд чухал үүрэгтэй. Бизнесийн орчин таатай байвал олон зуун мянган ажлын байр бий болохоос гадна улсын төсвийн эх үүсвэр тогтвортой болно. Тийм учраас эдийн засгийн хямралтай байгаа энэ үед төр засгаас хувийн хэвшил болон үндэсний баялаг бүтээгчдийг яаж дэмжих вэ гэдэг их чухал. Өнөөдөр ямар нөхцөл байдал үүсэв, энэ нөхцөл байдлаас яаж гарах, ямар шийдлүүд байна вэ гэдэг асуудлаар МАН-аас санаачлаад бизнес эрхлэгчидтэйгээ уулзалт хийж байна. Энэ уулзалтаас тодорхой үр дүн гарна гэж бодож байгаа.
Бодит байдал дээр баялаг бүтээгчдэд ямар хүндрэлүүд үүсээд байна вэ?
Бизнест олон хүндрэлүүд үүсчихсэн байна. Тухайлбал манай улсад эдийн засгийн хямрал бий болчихсон. Бусад улс орнууд энэ хүндрэлээс яаж гардаг вэ гэхээр татварын бодлогоо хөнгөвчилдөг, санхүү, зээлийн бодлогоор хувийн хэвшлүүдээ дэмждэг. Нөгөөтэйгүүр хяналт шалгалтын асуудал бизнесийнхэнд ихээхэн дарамт учруулж байна.
Нэг аж ахуйн нэгж л гэхэд жилд 40 орчим санхүүгийн тайлан, бланс гаргаж өгч байгаа нь маш том тоо. Олон Улсын валютын сангаас хийсэн судалгаагаар монголын нийт аж ахуйн нэгжийн 70 гаруй хувь нь төрийн ямар нэгэн хяналт шалгалтанд өртөж байна. Үүнээс үүдээд маш их үргүй зардал гарч байна гэсэн тооцоо хийсэн байгаа юм.
Мөнгө юунд зарцуулагдаж байгаа болоод үргүй зардал гэж үзэж байна вэ?
Улсын хяналтын байгууллага нэг компанийг очоод шалгахад 260 мянган төгрөгний зардал гаргаж байна. Энэ 260 мянган төгрөгийг 60 гаруй мянган аж ажуйн нэгжээрээ үржүүлэхэд жилд 18 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдийг шалгахад зарцуулж байгаа нь маш их үргүй зардал.
Нөгөөтэйгүүр хувийн хэвшил, баялаг бүтээгчдэд ийм хүнд дарамт байж болохгүй. Тийм учраас үүн дээр төрийн уян хатан бодлого явуулъя, төрөөс хийж байгаа хяналт шалгалтынхаа тоог багасгая, эдийн засаг дахь төрийн оролцоонуудыг багасгая гэсэн гурван чухал асуудлыг бизнесменүүд ярьж байна.
УИХ Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж гаргасан. Дараагийн алхам юу байвал зохилтой вэ?
Одоо цаашид төрөөс хувийн хэвшлийг хэрхэн, яаж дэмжих вэ гэх бодлогын бичиг баримтыг зайлшгүй батлан гаргах ёстой. Эдийн засаг дахь төрийн оролцоо ямар байх ёстой юм, төр нь юу хийж, хувь нь юу хийх ёстой вэ гэдгийг шийдэх зайлшгүй шаардлага байна. Нөгөөтэйгүүр татварын шинэчлэл хийхийн тулд татварын багц хуулиудыг баталж гаргах шаардлага байна гэж харж байна.