МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар бүлгийн дарга тодорно
МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд өөрийн хүсэлтээр бүлгийн даргын ажлаа өгөх хүсэлтээ өчигдөр намын бүлэгтээ өгсөн. Намын бүлгийн ажлаа өгөх гэж байгаа Н.Энхболд тайлбарлаагүй ч “Одоохондоо тайлбар хийх боломжгүй” гэв.
Тэгвэл Н.Энхболдыг хэн орлох вэ гэдэг асуулт олны дунд гарч ирсэн бөгөөд олон хүнийг бүлгийн даргын суудалд тохирох нь хэмээн таамаг дэвшүүлээд буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Оюунхорол, С.Бямбацогт, М.Энхболд нарын нэр дурьдагдаж буй. Энэ дундаас хамгийн боломжтой хувилбар бол М.Энхболд. Өөрөөр хэлбэл, Н.Энхболдыг М.Энхболдоор солих нь гэсэн үг.
Тодруулбал, XXVII Их хурлаар намын дүрэмдээ шинэчлэл хийсэн. Тэр дүрэмд “намын дарга Удирдах зөвлөл эсвэл УИХ дахь намын бүлгээ удирдана” гэдгийг шинэчлэн тусгасан. Гэвч Их хурлын дараа М.Энхболд Удирдах зөвлөлөө ахална гэсэн шийдвэрийг Удирдах зөвлөлөөс гаргаж, Н.Энхболдыг суудалд нь үлдээсэн.
Сөрөг хүчний үүргээ Энхболдууд хавсарч гүйцэтгэж, МАН-ын шинэчлэл эхлэх нь гэж олон хүн харж байсан боловч байдал эсэргээрээ эргэв. Сү.Батболдын “хүн” гэдгээр нь Н.Энхболдыг бүлгийн даргаас огцруулчихлаа гэж харах нэгэн байгаа боловч Н.Энхболд “өөрийн хүсэлтээр” гэсэн хөөрхөн тайлбартайгаар бүлгийн даргын ажлаа өгч байна.
М.Энхболдын бүрдүүлсэн багийг “өөрийх” нь буюу хотын фракциар хүрээлүүлсэн гэх яриа олны дунд бий. УИХ дахь сөрөг хүчний үүргээ биелүүлэхэд М.Энхболд мөн өөрөө удирдахаар шийдсэн гэх мэтээр хардсаар байна. Гэвч Н.Энхболд “өөрийн хүсэлтээр” бүлгийн даргаас чөлөөлөгдөхөөр болсон гэж нэг хэсэгтээ л гүрийх биз ээ.
УИХ дахь намын бүлгээ М.Энхболд удирдах нь бараг л тодорхой. Намын дүрмийн дагуу намын дарга УИХ дахь бүлэг эсвэл Удирдах зөвлөлөө ахална гэсний дагуу М.Энхболд бүлгийн ахлах бололтой. Харин Удирдах зөвлөлөө МАН-ын генсек Ж.Мөнхбатад даалгана гэсэн шум байна.
Ямартай ч МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах сурагтай байна. Удирдах зөвлөлөөр Н.Энхболдын асуудлыг шийдвэрлэж, М.Энхболд бүлгээ ахлахаар бол УИХ-ын дэд даргын асуудал яригдана. Энэ асуудлыг хэрхэх нь ойрын өдрүүдэд тодорхой болох биз ээ.