Х.Бат-Ялалт: Төрийг урвагчдаас төсвийг луйварчдаас хамгаалья
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт
2013.12.10

Х.Бат-Ялалт: Төрийг урвагчдаас төсвийг луйварчдаас хамгаалья

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас санаачлан “Төрийн албан хаагчдын үйлддэг гэмт хэргийн хүний эрхийн зөрчил” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэг нь Олон улсын хүний эрхийн өдөр болж буйгаараа онцлог бөгөөд иргэний нийгмийн байгууллагууд болон иргэд, төрийн байгууллагын нийт 100 гаруй төлөөлөл нэгэн дор цугласан байв.

Иргэд олон нийт одоо болтол төр, төрийн албан хаагчийн жинхэнэ мөн чанар болон тэдэнд хандах хандлагаа өөрчилж чадалгүй, буруу ойлголт хандлагынхаа үүднээс эрхээ зөрчүүлсээр байгаа талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт мэдээлсэн юм.

Төрийн албан хаагчдын үйлддэг гэмт хэрэг нь хууль зөрчих болон хуулийг буруу хэрэглэх, хэрэглэхгүй байх, эрх мэдлээ хэтрүүлэх, эрх мэдлээрээ далайлгах зэрэг шалтгааны улмаас үйлдэгдэж байгаа ажээ.

Харамсалтай нь төрийн албан хаагч нь төрийн албыг хашихдаа, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, амь насаараа дэнчин тавьж үнэнч шударгаар ажиллахаа тангарагладаг. Гэтэл энэ үүргээ умартан иргэдийн эрхийг зөрчиж байгаа нь зохисгүй юм.

Тиймээс төрийг урвагчдаас төсвийг луйварчдаас хамгаалья хэмээн “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт уриалав.

Нэгдсэн Монгол хөдөлгөөний тэргүүн Ч.Мөнхбаяр

Мөн энэ үеэр Нэгдсэн Монгол хөдөлгөөний тэргүүн Ч.Мөнхбаяр: “Төрийн өндөр албан тушаалтнууд улам баяжиж, дарангуйлж байна. Төрийн алба нь амьдралын баталгаа болж, материаллаг байдлаар маш их тусламж авдаг албан тушаал болоод байгааг шүүмжилмээр байна ” гэсэн юм.

Харин хадгаламж зээлийн хоршоодын “Хохирогчдын нэгдсэн холбоо”-ны тэргүүн Ж.Оюунцэцэг төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаанаас болж 700 гаруй иргэн хохирсон тухай ярьж байлаа.

Тэрээр хэлэхдээ: “26 хадгаламж зээлийн хоршоо шилээ даран дампуурсан нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийг баталсантай холбоотой. Өнөөдөр хохирогчдын хохирлыг бүрэн барагдуулалгүй найман жилийн нүүрийг үзлээ” гэв.

Энэ мэтээр төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагаанаас бол хохирсон баримтуудыг дэлгэсэн бөгөөд энэхүү хэлэлцүүлгээс “Төрийн албан хаагчдын үйлддэг гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөр”-ийг боловсруулах багыг бүрдүүлэх ажээ