Согинохайрхан дүүргийг Б.Хуягбаатар удирдана
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Батчулууны Хуягбаатарыг сонгов.
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XIX хуралдаанаар тус дүүргийн Засаг даргад нэр дэвшсэн Батчулууны Хуягбаатарыг 100 хувийн саналаар дэмжжээ.
Б.Хуягбаатар нь 2013 оноос СХД-ийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн мэргэжилтнээс эхлэн мерит зарчмаар шатлан ахиж өнгөрсөн дөрвөн жилд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Хурлын даргаар ажиллаж иржээ.
Тэрбээр хэлэхдээ, “4 аймагтай тэнцэхүйц хүн амтай Сонгинохайрхан дүүргийг удирдах маш хариуцлагатай албыг хүлээж авч байна. Дарга гэдэг бол даргалж, захирдаг ойлголт биш. Хүмүүсийн нийтлэг эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэлээр иргэддээ үйлчлэх, тэднийг төлөөлж хийхийн нэр юм. Тиймээс 350 мянган хүний амьдрах орчин, аюулгүй байдлыг хангаж хамтаар зэрэгцэн орших нөхцлийг бүрдүүлэхийн төлөө үүрэгт хугацаандаа хичээн ажиллах болно. Сонгинохайрхан дүүргийг нийслэлийн хөгжлийн шинэ бүс болгохын төлөө бүх хүчээ дайчлан ажиллана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээн онцлов.
Дашрамд дурдахад, Сонгинохайрхан дүүрэгт 2020-2024 онд нийт 481 тэрбум төгрөгийн 380 ажил буюу өмнө нь өрнөж байгаагүй бүтээн байгуулалтууд өрнөжээ.