ОХУ-ын зэвсгийн үйлдвэрийг үзэж сонирхов
2011.08.19

ОХУ-ын зэвсгийн үйлдвэрийг үзэж сонирхов

Батлан хамгаалахын сайд Л.Болд, УИХ-ын Аюулгуй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Р.Амаржаргал  Э.Мөнх-Очир нар энэ сарын 16-нд  ОХУ-ын Ижевск хотын буудлагын зэвсгийн болон нисгэгчгүй нисдэг төхөөрөмжийн үйлдвэр, Климовскийн сумны үйлдвэрт зочилж тэдний бүтээгдэхүүнийг үзэж сонирхлоо.  Монголын төлөөлөгчдийг Удмурт Улсын тэргүүн А.А.Волков халуун дотно хүлээн авч уулзаж ярилцлаа.

Мөн Батлан хамгаалахын сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид 17-ны өдөр ОХУ-ын Москва хотын ойролцоох Жуковскийн нисэх онгоцны туршилтын төв баазад 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Олон улсын нисэх онгоцны «МАКС-2011» агаар-сансрын үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

Уг үзэсгэлэнд ОХУ-ын «Рособоронэкспорт», «Ростехнология» болон бусад орны олон арван компани бүтээлээ дэлгэн үзүүллээ. «МАКС-2011» үзэсгэлэнгийн нээлтэд ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Владимир Путин оролцож үг хэлсэн бөгөөд Үзэсгэлэнгийн үеэр ОХУ-д иргэний болон цэргийн зэвсэглэлд ашиглагдаж байгаа нисэх онгоц болон дараа үеийн туршилтын, байлдааны нисэх онгоцууд, тэдгээрийн хурд, маневр, уран чадварын үзүүлбэрийг олон нийтэд үзүүллээ. Энэ үеэр сайд Л.Болд ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны орлогч захирал дэслэгч генерал В.К.Дзиркалнтай уулзаж хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагаа, хэтийн төлөвийн талаар санал солилцлоо.

Түүнчлэн Монгол Улсын Батлан хамгаалах яам, ОХУ-ын «Ижмаш-Беспилотные системы» компаний хооронд олон төрлийн зориулалттай, нисгэгчгүй нисдэг төхөөрөмжийг Монголын цэргийн хэрэгцээнд нэвтрүүлэх, ашиглах талаар харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурлаа.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.