Ц.Оюундарь: СЕХ-ны шийдвэрийг улстөржүүлэхгүй хүлээн зөвшөөрөх ёстой
МҮОНТВ-ийн “Ярилцъя” нэвтрүүлгийн зочноор Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь оролцож, УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойргийн маргаантай холбоотой асуудлаар үзэгчдэд мэдээлэл өгөхгүй юу?
-Увс аймгийн 15 дугаар тойрогт УИХ-ын сонгуулийн үеэр сонгуулийн хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж, мөнгө тараасан. Мөн төрийн албан хаагчид, насанд хүрээгүй хүмүүсийг ашигласан гэсэн олон үндэслэлтэй зөрчлүүд гарсан.
Энэ зөрчилтэй холбоотой маргаан Захиргааны хэргийн, эрүүгийн хэргийн гэсэн хоёр өөр төрлийн шүүхээр гурван шат, хяналтын шаттайгаа дөрвөн шат дамжин жил хоёр сар явж, сая 9 дүгээр сарын 13-нд эцэслэн шийдэгдлээ. Захиргааны хэргийн шүүхээс Ардчилсан намын нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй гэсэн.
Үүнийг энгийн үгээр тайлбарлавал Захиргааны хэргийн шүүх сонгуулийн маргааныг авч хэлэлцэхгүй. Энэ бидний мэдэх хэрэг биш учраас хүлээж авах боломжгүй гэж шийдсэн. Эрүүгийн хэргийн эцэслэн шийдсэн маргаан дээр Увс аймгаас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар хууль зөрчсөн нь нотлогдож байгаа.
Жил хоёр сар болсон маргаан шүүхийн хувьд эцэслэгдлээ. Долоон хүнд ял өгч, өөрсдийгөө худалдагдсан гэж үзсэн 13 хүн сая сая төгрөгөө авч, 1095 хүний мөнгөө авах эрх нь нээгдсэн. Сонгуулийн хуулиар 10 дахин өсгөж авах учир 100 мянган төгрөг авсан 1000 хүн гэхээр тэрбум болж байгаа.
Буруутай нь тогтоогдсон Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нараас тэрбум төгрөгийг гаргуулж, улсыг хохиролгүй болгох ёстой.
Тэгэхээр СЕХ буруутай нь тогтоогдсон Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нараас тэрбум төгрөгийг гаргуулж, улсыг хохиролгүй болгох ёстой. Мөн СЕХ-ны энэ шийдвэрийг улстөржүүлэхгүйгээр хүлээн зөвшөөрөх ёстой. Ингэснээр цааш цаашдаа хууль хэрэгжих сайн жишиг болно.
-Буруутай нь тогтоогдсон энэ хоёр хүн цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээх зүйл, заалт бий юү?
-Сонгуулийн хуульд тийм хэмжээний зөрчил байвал эрүүгийн хуульд зааснаар шийднэ гэж заасан. Эрүүгийн хуульд төрийн эрхийг булаах үйл ажиллагаанд оролцсон бол 5-10 жил, хүндрүүлсэн нөхцөлтэй бол хүндрүүлнэ гэсэн заалт бий. Бид болоогүй процессийн тухай яримааргүй байна. Харин шүүхийн шийдвэр биелүүлэхийг эрх бүхий байгууллагаас шаардаж байгаа.
-Сонгуулийн ерөнхий хороо ямар хугацаанд шийдвэрээ гаргах ёстой вэ?
-СЕХ гэхээсээ илүү төрийн байгууллага асуудлыг авч шийддэг ерөнхий зарчимтай. Тэр зарчмаар аливаа өргөдөл гомдлыг сарын дотор шийддэг. Тиймд СЕХ сарын дотор шийдвэрлэх ёстой.
-СЕХ-ноос танай намд хариу өгсөн үү?
-СЕХ-нд шаардлагаа хүргүүлээгүй байгаа. Хүргүүлэх ч учиргүй. Шүүхийн шийдвэр СЕХ-нд очно. Тэрний дагуу хуульд заасан үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх ёстой. Харин хуульд заасан нийтлэг заалтынхаа дагуу СЕХ ямар нэгэн арга хэмжээ авахгүй удвал бид гомдол гаргах ёстой байгаа.