Сонгуулийн санхүүжилтийн асуудлаар ярилцав
“Сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2013.10.09

Сонгуулийн санхүүжилтийн асуудлаар ярилцав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа “Сонгуулийн компанит ажлын болон улс төрийн намын санхүүжилтийг цаашид оновчтой болгох, эдгээрийг хуульд нарийвчлан тусгах шаардлагатай байна.

Төр дээрх санхүүжилтийн алийг нь хариуцахыг тодорхой болгох, ялангуяа сонгуулийн үеэр гарч байгаа зардлыг хэрхэн багасгах, улс төрчид хандивлагчдаасаа хэрхэн хараат бус байх, эргээд үүнд нь ямар хариуцлага тооцох, хэн хяналт тавих зэрэг асуулт ихээхэн анхаарал татаж байгаа юм” хэмээн уг арга хэмжээг нээхдээ хэлэв.

Ингээд Канадын Онтариогийн Сонгуулийн хорооны хэрэгжилтийн газрын захирлын илтгэлийг хэлэлцсэн. Сонгуулийн үед хамгийн их анхаарал татдаг санхүүжилтийг зохицуулдаг эсрэг, тэсрэг эгалитар, либеритар хандлагын талаар тэрбээр илтгэлдээ онцолжээ.

Эгалитар зарчим эдийн засгийн эрх мэдэл багатай нэр дэвшигчдийн санхүүжилтийг төр шууд болон шууд бус замаар бусадтай нь тэнцвэржүүлснээр сонгогчид тэгш, хүртээмжтэй мэдээллээр хангагдах ёстой гэж үздэг.

Тэгшитгэхийн тулд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ “баян” нэр дэвшигчдийн санхүүжилтэд хязгаарлалт тавих хүртэл арга хэмжээ байдгийг Канадаас жишээ болгон тайлбарласан. Харин үүний эсрэг либеритар зарчим баримталж буйн жишээг АНУ-ын Дээд шүүхийн тайлбараас эш татав.

Сонгуулийн санхүүжилтийн бүгдэд таалагдах бэлэн загвар байхгүй ч төр, хувийн хэвшлийн тэнцвэртэй байдлыг хадгалах нь хамгийн чухал.

Өөрөөр хэлбэл, сонгуулийн санхүүжилтийн бүгдэд таалагдах бэлэн загвар байхгүй ч төр, хувийн хэвшлийн тэнцвэртэй байдлыг хадгалах нь хамгийн чухал болохыг илтгэгч хэдэнтээ тэмдэглэсэн.

Илтгэлтэй холбоотой харилцан санал солилцох үеэр Ерөнхийлөгчийн хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа “Монголын нөлөө бүхий улс төрийн намуудын удирдлага намын гишүүнчлэлээс татгалзах талаар ярих болсон нь сонгуулийн санхүүжилт дэх төр, хувийн хэвшлийн оролцооны тэнцвэр алдагдахын дохио.

Өөрөөр хэлбэл, гишүүдийн татвар, хандиваар санхүүжилтийнхээ голыг нугалдаг намууд гишүүнчлэлгүй болсноор төрийн оролцоо нэмэгдэх болно” гэж байлаа. Канадын парламентад таван хувийн босго давж орж ирсэн намуудад төсвөөс мөнгө өгдөг байсан нь санхүүгийн томоохон дэмжлэг болдог ч өнгөрсөн жилээс эдийн засгийн хямралтай холбоотойгоор зогсоожээ.