Хөгжилд хөтлөх харгуй бүтээн байгуулалт
Хот байгуулна гэдэг төлөвлөхийн нэр биш. Харин ирээдүйн хэтийн төлвийг нь эдийн засгийн тооцоо судалгааны үндсэнд зураг төслөө гаргаж маркетинг, менежментийн үндсэн дээр байгуулахыг хэлдэг юм хэмээв "Төлөвлөлт ба хөгжил" хот байгуулалтын форумын үеэр олон улсын архитекторууд хэлж байв.
Үнэхээр ч хотыг зүгээр л зураг төслөөр байгуулчихдаг юм биш гэдгийг сүүлийн үед Улаанбаатарт гарч буй хот байгуулалтын эерэг, сөрөг үр дагавар харуулна. Тэгвэл хот төлөвлөлтөд юуг анхаарах ёстой, дэлхийн хотуудын төлөвлөлт, хөгжлийн чиг хандлага гэх зэрэг цаг үеийн асуудлыг хөндсөн эл форумыг БХБ-ын сайд Ц.Баярсайхан нээхдээ "Монгол Улсад барилгын салбар хурдацтай хөгжиж байна.
Энэ хэрээр бидэнд шийдвэрлэх олон асуудал тулгарч буй. Тиймээс дэлхийн хотуудын хот байгуулалтын туршлагаас судалсны үндсэнд монгол архитекторын зөв төлөвлөлтөөр Монгол Улсын барилгын салбар хөгжих ёстой юм. Энэ хүрээнд ч тулгамдсан асуудлынхаа гарцыг олж, олон шинэлэг санаачилга гарна байх" хэмээлээ.
Түүхийн хуудсыг сөхвөл, 374 жилийн түүхтэй Улаанбаатар хот 1954, 1963, 1974, 1986, 2002 онд боловсруулсан таван удаагийн ерөнхий төлөвлөгөөгөөр хөгжиж, өнөөгийн дүр төрхөө олжээ. Хүн, хот хоёрын амьдралын хэмнэлийг харьцуулбал 20 жилийн дотор хүний амьдралын нэг үе өнгөрч, засаг нь 5-6 солигддог бол хот байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 10, 20 жил, түүнээс ч урт хугацаа шаарддаг учраас төрийн залгамж халаа их чухал.
Харин Монгол Улсын хувьд залгамж бодлогыг нэг намын хэмээн хамаатуулах гээд байдаг нь хот төлөвлөлтийг урсгалаараа хэсэг "тэнүүчлэхэд" хүргэсэн гэнэ. Энэ талаар нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн ерөнхий инженер, Монгол Улсын хот төлөвлөлтийн зөвлөх архитекторч Г.Нарангэрэл "Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь нийслэлийн иж бүрэн хөгжлийн төлөвлөлтийн үндэслэл, концефц нь болдогт оршино.
Тиймээс ерөнхий төлөвлөгөө дээд төвшний төлөвлөлтүүдтэйгээ нягт уялдаатай байж, дараа дараагийнхаа шаардлагыг тодорхойлдог учиртай. гэтэл манай улсад хот төлөвлөлтийн норм, стандарт, хууль эрх зүйн орчинг бүрдүүлж чадаагүй, ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх тогтолцоо хангалтгүйгээс хотын хүн амын амьдрах орчин эрс муудсаар байна. Бид зөвхөн хот гэлтгүй улс орныхоо хөгжлийн төлөвлөлтийг ярих ёстой.
Нийслэлийн иргэний сайн сайхан амьдрах баталгааг хангахын тулд урсгалаар нь бус, хүн амынхаа тоог газар нутгийнхаа багтаамжид тохирсон, байгаль - экологийн даацад нийцүүлсэн "Хүний хөгжлийг хангахуйц, тогтвортой, ногоон хөгжилд” тулгуурласан аюулгүй, таатай, орчныг хотын нутаг дэвсгэрт жигд бүрдүүлэхээр ерөнхий төлөвлөгөөнд тусгасан. Харин энэ бодлогыг хэрэгжүүлэхэд үе, үеийн төр засаг дэмжиж ажиллавал Улаанбаатар хот ерөнхий төлөвлөгөөгөөрөө эдийн засгийн чадамжтай дэлхийн томоохон хотын тоонд зүй ёсоор орно” гэлээ.
Форумд оролцогч БНСУ-ын Хүн амын нутагшил, суурьшлын судалгааны институтын профессор, судлаач, Куан Ик Ван “Хотын ерөнхий төлөвлөгөөг маш сайн суурь судалгаатай хийх ёстой. Өнөөдөр хот суурийн хөгжил" Нүүрстөрөгч ялгаруулдаг эдийн засгаас - Нүүрстөрөгч ялгаралгүй эдийн засаг" гэсэн ойлголт руу шилжиж байна. Өөрөөр хэлбэл, олон улс оронд нүүрстөрөгч ялгаруулдаг нөөцөд дулдуйдсан уламжлалт бүтцээсээ татгалзаж экологид ээлтэй хот байгуулалтын тогтвортой бүтцийг бий болгохоор зорьж байна.
Жишээ нь, 1960 оны үеийн Солонгос улсад өнөөдрийн Улаанбаатарт нүүрлэсэн хүн амын төвлөрөл, агаарын бохирдол, нийтийн тээвэр гээд шийдвэрлэх ёстой олон асуудалтай тулгарч байсан. Энэ хүнд асуудлаас ангижрахын тулд эдийн засгийн суурь судалгаанд үндэслэн хотынхоо хөгжлийг тодорхойлон төлөвлөснөөр өнөөдрийн Сөүл хотын дүр төрх гарч ирсэн.
Иймд хотын ерөнхий төлөвлөгөө хүн амынхаа ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхийн тулд гаргаж буй бодлогын баримт бичиг учраас эдийн засгийн тооцоо судалгаатайгаар нийслэлээ зөв төлөвлөж чадвал дагуул хот болон бүс нутгийн эдийн засгийн хөгжил ч гэсэн дагаж хурдасдаг. Энэ бүхэн зөвхөн нэг архитектор, салбар хариуцсан яамных бус төрийн хөгжлийн нэг бодлого учраас хамтын зүтгэл хамгийн чухал" хэмээсэн юм.
Үүнийг ч АНУ-ын "Canon Design" компанийн захирал Марк Уайтлэй дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тэрээр мэдлэгт суурилсан эдийн засагт тулгуурлан хотоо хөгжүүлэх ёстойг хөгжиж буй Улаанбаатар хотынхонд захиад "Сүүлийн үед дэлхийн хотууд мэдлэгт суурилсан эдийн засагт тулгуурлан хөгжиж байна.
Дэлхийн тавцанд өрсөлдөх чадвартай байхын тулд шинэ болон шинээр хөгжиж буй хотууд өөрийн үл давтагдах өвөрмөц онцлогтоо тулгуурлан хөгжлийн гарцаа эрэлхийлдэг болсон. Тухайлбал, Сингапур боловсролын системдээ их хөрөнгө оруулалт хийснээр мэдлэгтэй боловсон хүчин дээрээ тулгуурлан хотоо хөгжүүлсэн бол Францын Парис хот хэл соёл, түүхийн уран барилгаараа бусад улс орны хотоос ялгарахын зэрэгцээ эдийн засгийн том бүтэц нь болж байна.
Дэлхийн тавцанд өрсөлдөх чадвартай байхын тулд шинэ болон шинээр хөгжиж буй хотууд өөрийн үл давтагдах өвөрмөц онцлогтоо тулгуурлан хөгжлийн гарцаа эрэлхийлдэг болсон.
Харин Улаанбаатар ямар чиглэлийн хот болох вэ гэдгээ тодорхойлсны үндсэн дээр хэтийн төлвөө харан хууль эрх зүйн орчноо сайжруулбал зөв замаараа хөгжинө" гэсэн юм. Энэ талаар архитекторч Б.Батжав "Өнгөрсөн хугацаанд барилгажилт нь түрүүлээд, төлөвлөлт хоцордог байлаа. Хотын ерөнхий төлөвлөлт бол хууль. Энэ хуулийг хэнбугай ч зөрчих ёсгүй.
Ерөнхий төлөвлөлт батлагдсан бол ямар ч саадгүйгээр шууд хэрэгжих бөгөөд санхүүжилт нь шийдэгдвэл дараа, дараагийн ажилд маш чухал. Нөгөөтэйгүүр, бид гадаадынхны хот төлөвлөлтийг шууд хуулбарлахаасаа илүүтэй өөрийн орны онцлогт тохирсон төлөвлөлт хийх нь чухал.
Тийм ч байх ёстойг илтгэгчид анхааруулж байна. Гэхдээ эхний ээлжинд хууль эрх зүйн орчноо сайжруулснаар зөвшөөрөлгүй барилга барьдаг байдлыг халж, төлөвлөлтийнхөө дагуу хотоо хөгжүүлбэл өнөөдрийн бидний амны уншлага болох шахаж буй сөрөг үр дагаврууд арилна.
Харин хотын ерөнхий төлөвлөлтөө англи, монгол хэл дээрх тайлбартай альбом болгон номын санд тавих ёстой юм. Тэгвэл хувь хүн, аж ахуйн нэгжүүд энэ альбомноос хотын аль хэсэг үйлдвэржих, орон сууцны хороолол байх нь уу гэсэн хэтийн төлөвлөлтийг хараад үйлдвэрлэл, үйлчилгээгээ эрхэлнэ шүү дээ" хэмээв.
Ц.Баярсайхан: Бид дээд төвшний төлөвлөлт хийхээр ажиллаж байна
Эл форумд хөндөгдсөн асуудлаар салбарын бодлогыг тодорхойлогч БХБ-ын сайд Ц.Баярсайханаас тодрууллаа.
-Хот байгуулалтын форумаар олон асуудал хөндөгдлөө. Тэр дундаа төлөвлөлт гэдэг хууль. Энэ хуулийг хэн ч зөрчиж болохгүй гэдгийг гадаадын илтгэгчид онцолсноос гадна манайхан ч хүлээн зөвшөөрлөө?
-Тийм ээ. Ерөнхий төлөвлөгөө гэдэг хууль. Энэ хуулийг хэн ч зөрчиж үл болно. Энгийн иргэнээс эхлээд сайд, дарга нар хүртэл. Тиймээс хот байгуулалт, барилгын салбартай холбоотой зарим нэг хуульд өөрчлөлт, шинэчлэл оруулж өгөхийг зарим хүн хөндлөө. Бид анхааралдаа авна.
-Мэргэжилтнүүд дээд төвшний төлөвлөлт гэж алга. Дор бүрнээ аймаг, сумд төлөвлөлтөө хийдгээс уялдаа холбоогүй байна гэж ярилаа. Энэ талаар яам ямар арга хэмжээ авч байна вэ?
Яамнаас дээд төвшний төлөвлөлт хийхээр боловсруулж байна. Өмнө нь, манайд дээд төвшний төлөвлөлт гэж байдаггүйгээс аймаг, хот өөрсдийнхөөрөө л төлөвлөж төлөвлөлтийнхөө дагуу хөгждөг байлаа. Суманд бол төлөвлөлт ч гэж яриад ч хэрэггүй. Тиймээс сум орон нутгийг хөгжүүлэн орон нутгийг эзэнжүүлэх зорилгоор Шинэ сум төсөл Баянхонгор аймагт хэрэгжиж байна.
Энэ төсөл Монгол Улсын хүн амын нутагшил төлөвлөлттэйгөө уялдан хэрэгжих юм. Ер нь, цаашдаа Монгол Улс төлөвлөлттэйгөөр жигд хөгжинө. Энэ ажлын хүрээнд ч өнгөрсөн хугацаанд аймаг, орон нутгуудаар явж бүтэн байгуулалттай танилцсан юм. Бид хот руу нүүдэллэх нүүдлийг зогсоон орон нутгийн эзэнтэй болгоё гэвэл төлөвлөлтөө Монгол Улсын нутаг дэвсгэрийн хүрээнд ярих ёстой юм.
Энэ төлөвлөлтөөр баг, сум, аймаг, хот яаж хөгжих үү, хөгжил нь яаж харилцан уялдаатай нэг нэгнийгээ дэмжиж явах уу гэдэг нь тодорхой болно. Нэг ёсондоо хот, аймаг, сум жигд хөгжинө гэсэн үг.
- Барилгын салбартай холбоотой хууль эрх зүйн орчныг яаж чангатгах вэ? Хууль дэндүү сул байгаагаас ерөнхий төлөвлөлт зөрчиж барилга барих үзэгдэл нийслэл гэлтгүй орон нутагт ч мэр сэр гардгийг аймгийн Засаг дарга нар ярьж байна лээ?
Бидний нэг алдаа бол том юмаа хөөгөөд жижгээ мартдаг. Тиймээс сумын төвийн шинэчлэл нэг загвар болон хэрэгжинэ.
Монгол Улсын хүн амын нутагшил төлөвлөлтийн зорилго энэ. Ерөнхий төлөвлөлт хууль гэдгийг манай архитекторчид дуу нэгтэй хэллээ. Тэгэхээр энэ хуулийг л чанд баримталдаг, зөрчвөл хатуу арга хэмжээ авдаг болъё. Бидний нэг алдаа бол том юмаа хөөгөөд жижгээ мартдаг. Тиймээс сумын төвийн шинэчлэл нэг загвар болон хэрэгжинэ.
Хэдий Үндэсний хөгжлийн бодлогын баримт бичиг байдаг ч, цаасан дээр тунхаглалын шинжтэй байсан. Тэгвэл хүн амын нутагшлын ерөнхий төлөвлөлт гарснаар хөдөө орон нутаг жигд хөгжинө. Харин саадгүй хөгжих түлхүүр нь болсон барилга, хот төлөвлөлттэй холбоотой хууль эрх зүйн орчноо эргэн харж сайжруулна хэмээлээ.
Ц.Баярбат: Бидний зорилго төлөвлөлтөд гарч буй алдаагаа засах юм
Энэ үеэр БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаттай цөөн хором ярилцсан юм.
Нийслэл, БХБЯ хоёр барилга барих зөвшөөрөл олгодог нь зөвшөөрөлгүй, зөрчилтэй барилгын тоог нэмж байна гэсэн шүүмжлэл гардаг. Үүнд та тайлбар өгөхгүй юү?
-Цар хүрээгээрээ' л ялгаатай шүү дээ. БХБЯ улсын хэмжээний зөвшөөрлийг хариуцдаг бол хот нийслэлийн нутаг дэвсгэрт баригдах барилгын зөвшөөрөл олгодог. Бид Оюу толгой, хүн амыг орон сууцжуулах гээд том төсөл4 хөтөлбөрийг хариуцдаг. Үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй.
-Дэлхийн хотуудын чиг хандлага мэдлэгт суурилсан, ногоон экологи шүтсэн, ухаалаг хот байгуулахын тулд ерөнхий төлөвлөлтөө хийдэг болсон хэмээн илтгэгч нар мэдээлэл өглөө. Манай улс ямар бодлого баримталж байгаа юм бол?
-Хоёр жилд нэг удаа зохиогддог эл форумын зорилго л энэ шүү дээ. Бид гадаадын хотуудын чиг хандлага, хотынхоо ерөнхий төлөвлөлтөд юуг анхаарч тусгадаг талаарх мэдээллийг нь сонслоо. Энэ форумд ганц хот, яам гэлтгүй 21 аймгийн Засаг дарга, ерөнхий архитекторч, төрийн бус байгууллага, гадаад, дотоодын зураг төслийн аж ахуйн нэгж гээд 200 гаруй төлөөлөгч оролцон туршлага, судалгаа, мэдээллээ хуваалцаж байна.
Бидний гол зорилго бол Монгол Улсын хот төлөвлөлтийн өнөөгийн байдал, төлөвлөлтөд гарч буй алдаа, тулгарч буй бэрхшээлээ харилцан ярилцаад хэтийн төлвөө тодорхойлж, улс орныхоо урт хугацааны тогтвортой төлөвлөлтийг хэрэгжүүлэх явдал юм.
С.Даваасүрэн: Улс төрөөс ангид, сайн засаглал болбол зохистой төлөвлөлт хийж чадна
Харин 21 аймгийн төлөөлөл болгож, Орхон аймгийн ерөнхий архитекторч С.Даваасүрэнтэй уулзлаа.
-Энэ форум хэр үр дүнтэй санагдав. Хөдөө орон нутгийнхны хувьд хүндрэл бэрхшээл юу байна?
-Орхон аймаг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөлтийнхөө дагуу явж байгаа. Анх хотын статустай байгуулагдсан ч, сүүлд Засаг захиргааны нэгжийн тухай хуулиар аймаг болсон. Гэвч аймгийн статустай байхаар газар нутгийн хувьд тэлэх боломжгүй хумигдмал байдал үүсэх дүр зураг харагдаад байгаа. Манай аймаг хоёр сумтайгаас Баян-Өндөр гэхэд 80 мянган хүн амтай.
Энэ нь, тосгоноос ч их хүн амтай байна гэсэн үг. Тиймээс хотын статустай болбол хот байгуулалтын хувьд хурдацтай хөгжих хотын тоонд орно. Яах вэ, 1990 оны үед эмх замбараагүй барилгажилтын үе тойроогүй биш дайрч гарсан. Эхнээс нь цэгцлэх гэж явж л байна. Нэгэнт хүн хөрөнгөө оруулж барьсан барилгыг нь нураах хэцүү.
Оны эхэнд Газрын харилцаа, хот байгуулалтын газраас шалгахад найман барилга зөвшөөрөлгүй баригдсан нь тогтоогдсон. Гэвч хянаж шалгаад явахаар манай хууль эрх зүйн орчин их сул юм. Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.
-Зөвхөн нийслэл гэлтгүй аймаг, сумд ямар чиглэлээр хөгжих вэ гэдгээ судалгаа тооцооны үндсэн дээр ерөнхий төлөвлөлтдөө оруулах ёстой гэж байна. Орхон аймаг гэхэд ямар чиглэлээр хөгжих вэ?
-2012-2016 оны ерөнхий төлөвлөлтөөр аж үйлдвэрийн парк байгуулна. Хүнд үйлдвэр, уул уурхайдаа түшиглэсэн аж үйлдвэрийн парк байгуулснаар хөнгөн үйлдвэрлэл дагаж хөгжин ажилтай, орлоготой монгол хүн бүрэн утгаараа бий болно гэсэн үзсэн. Харин дэд хөтөлбөрүүдийн хүрээнд Бүсийн оношилгооны төв зэрэг олон ажил төлөвлөсөн байгаа.
-Орхон аймгийг залуусын гэж тодорхойлдог. Тэгэхээр залуу гэр бүлийг дэмжих хүрээнд орон сууцжуулах ажил хэр эрчимтэй явж байна вэ?
-Засгийн газрын 100 мянга, 40 мянган айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд олон барилга баригдсан. Одоо ч барилга баригдаж л байна. Аймаг, орон нутгийн ерөнхий төлөвлөлтийнхөө дагуу хаана нь орон сууц, аж үйлдвэр байх вэ гэдэг нь нарийн тодорхой болж байгаа.
Харин үүнийгээ бусад аймаг, нийслэлийн ерөнхий төлөвлөлттэйгөө уялдуулбал давхардсан үйлдвэрлэл нэмэгдэхгүйн дээр нэгнийхээ эдийн засгийг дэмжээд явах юм. Тиймээс энэ талаар салбарын яамнаас арга хэмжээ авна байх аа.
-Таны бодлоор барилгын салбарт ямар шинэчлэл хийх ёстой юм бэ?
-Тогтвортой хөгжилтэй ногоон хот байгуулахын тулд улс төрийн байр сууринаас ханддаг байдлыг халж, сайн засаглалтай болговол зохистой төлөвлөлт хийж чадна. Бид одоо хууль эрх зүйн орчноо чаНгатгаж, төлөвлөлтийнхөө дагуу явдаг болбол барилгын салбар эрүүлжинэ. Ийнхүү сум, аймаг, хот өөрийнхөө онцлогт тохирсон төлөвлөлт хийн уялдаатай ажиллахад архитекторуудын тусламж их. Гэвч өнөөдөр ЗХУ-д бэлтгэсэн боловсон хүчнээс өөр залуу халаагаа бэлдэж амжаагүйг БЗТЗХ, архитекторч О.Саранцацрал хэллээ.
Тэрээр "Бид 20 жилийн өмнөх хот төлөвлөлтөд гарсан алдаагаа засахын тулд ажиллаж байна. Хот төлөвлөлт гэдэг нь хүн амаа ая.тухтай амьдруулах зөв төлөвлөлтийг хэлдэг. Гэтэл Монголд архитекторч мэргэжилтэй хуруу дарам цөөхөн хүн байна. Залуу үеэ бэлтгэхэд анхаарах цаг болжээ" хэмээсэн.
Түүний яриаг ч Монголын архитекторуудын эвлэлийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар дэмжин "Хот төлөвлөлтөд шийдвэр гаргагчид, архитекторч, оршин суугчид зайлшгүй оролцдог. Тэгэхээр архитекторч нь шийдвэр гаргагч, оршин суугч хоёрыг холбох гүүр нь. Тиймээс архитекторчдод энэ ажлаа хийх нөхцөлийг нь бүрдүүлмээр байна. Нөгөөтэйгүүр, хот байгуулалт, төлөвлөлтийн хууль эрх зүйн орчин учир дутагдалтай.
Төлөвлөлтөд хот байгуулалтын судалгаа маш чухал ажил. Үүний жишээ нь , Монгол Улсын хот байгуулалтын тухай хуульд аймаг, нийслэлийн ерөнхий архитекторын эрх үүргийг тодорхойлсон ч, өнөөгийн шаардлагыг хангахгүй, үүрэг хариуцлага нь ойлгомжгүй байгааг хэн хүнгүй мэднэ. Өнөөдөр Монгол Улсын 21 аймаг, хот нэг л ерөнхий архитекторчтой.
Аймгуудын ерөнхий архитекторууд газрын албанд эсвэл тамгын газрын ямар нэг хэлтэст мэргэжилтэн байх төдий. Зарим аймагт мэргэжлийн бус хүн ч байна. Энэ нь, хот төлөвлөлтөөр гадаад, дотоодод. цөөхөн хүн сурч төгс ч байгаатай холбоотой. Тиймээс Ерөнхий архитекторын алба гэж байгуулан эрх дархыг статусаар нь хуульчилж өгөх шаардлагатай байна. Ерөнхий архитектор бол ерөнхий төлөвлөгөөний сахиул юм шүү дээ. Гэтэл бид архитекторч хүнийг мартаад байна" гэлээ.
Ийнхүү гадаад, дотоодын зураг төслийн болон судлаач 200 гаруй. төлөөлөгч дэлхийн хотуудын чиг хандлага болон Монгол Улс болон Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтөд нэмэрлэх мэдээ мэдээллээ харамгүй хуваалцлаа.
Ихээхэн үр дүнтэй, мэдээллээ солилцож чадсан эл форумыг цаашдаа жил бүр зохион байгуулж, хот байгуулалтын салбарт тулгамдаж буй хот төлөвлөлтийн арга зүй, аргачлалыг судалгаанаас нь эхлэн зөв төлөвлөн, хэрэгжүүлж олон улсын түвшинд хүргэхийн тулд хэлэлцүүлэг хийж байхаар БХБЯ-наас шийдлээ.