Хотын ирээдүйг шийдэхээр чуулж байна
Өнөөдөр “Төлөвлөлт ба хөгжил” сэдвийн дор хот төлөвлөлт барилга байгууламжийн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, хөрөнгө оруулагчид, аймгийн засаг дарга нар нэгэн дээвэр дор чуулж байна.
Тус форумыг Барилга хот байгуулалтын яамнаас уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг юм. Арга хэмжээг нээж Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл нар үг хэлэв.
Энэ жилийн форумд АНУ, Солонгос, Энэтхэг, Франц, Финландын мэргэжилтнүүд оролцож өөрсдийн ололт амжилт, туршлагаа солилцож, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд хамтарч ажиллах, санал бодлоо хуваалцаж байна.
Түүнчлэн үдээс хойш болох салбар хуралдаанаар Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг 21 аймгийн Засаг дарга нартай уулзаж, тухайн хот бүрийн төлөвлөлтийн асуулаар ярилцах ажээ.
Дэлхийн форумын жишгээр улс орнууд өөрсдийн хот байгуулалтын чуулга уулзалтыг хуралдуулах болсны дагуу манай улс НҮБ-ХАБИТАТ, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, ГХАН зэрэг олон улсын болон бусад олон нийтийн байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулж байна.
Мөн манай улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагатай хамтран ”Хот байгуулалтын форум”-ыг зохион байгуулан гэсэн зорилтот арга хэмжээ тусгагдаад байгаа ажээ.