Ц.Баярсайхан: Импортын хамаарлаас бүрэн гарна
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2013.09.24

Ц.Баярсайхан: Импортын хамаарлаас бүрэн гарна

Барилгын хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы барилгын салбарт тулгамдаж буй асуудал болон хөгжлийн шийдэл, материал үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлж байгаа талаарх бодлогын шинжтэй байр суурийг хүргэе.

-Барилгын салбарыг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгөний асуудал их гардаг. Гэтэл хөрөнгө санхүүг нь шийдэхээр ажиллах хүчний хомсдол гэж бий. Хонх дуугарахаар дамар нь таг гэдэг шиг л юм болох гээд байна?

-Бид Хөдөлмөрийн хуульд зарим өөрчлөлтийг оруулахаар судалсан. Тухайлбал, улирлын хамааралтайгаас шалтгаалан барилгын талбайд ажилчид тогтвортой ажиллаж чаддаггүй. Иймээс ажиллагсадын ажилласан жилийг нь уртасгаж тооцох хувилбар яригдаж байгаа. Ингэснээр тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөл бүрдэнэ. Мөн барилгыг аль болох улирлын хамаарлаас гаргаж, жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг болгох тэр нөхцөл бололцоог бүрдүүлэхийн тулд олон арга хэмжээ авна.

-Тухайлбал?

-Эхний ээлжинд барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих, өргөтгөл хийх, барилгын салбарт хэрэглэж байгаа нойтон ажлыг аль болох багасган үйлдвэрлэлийн аргаар хийхийг дэмжинэ.

-Арилжааны банкууд зээл олгохдоо барилгын компаниудад хэтэрхий өндөр шалгуур тавьдаг ?

-Засгийн газар зээл олгохгүй, арилжааны банкаар дамжуулна. Тэгэхээр тодорхой шалгуур тавина. Яамны зүгээс технологийн шинэчлэл хийх, үйлдвэрлэлээ өргөтгөхийг тусгай хөтөлбөрөөр дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа. Дээр нь, компаниудыг орон сууцаа барьж дуусахад нь үе шаттайгаар санхүүжүүлэх зээлийн эх үүсвэр хайж байна. Ойрын үед шийдвэрлэх байх. Ингэж нийлүүлэлт талаа дэмжвэл эрэлт, нийлүүлэлтийн зохистой харьцаа, орон сууцны санхүүжилтын урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

-Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн тухайд дэлгэрэнгүй яриач?

Ган карказан барилга

-Бид импортын хамаарлаас гарчихвал орон сууцны үнийг тогтворжуулж болохоор байгаа. Тиймээс Хөтлийн цемент шохойн үйлдвэрлэлийг Засгийн газар дэмжин ажиллаж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрлэлийн шинэчлэлийг дэмжиж байна Өнөөдрийн байдлаар барилгын материалын эргэлтийн хөрөнгийн зээлийг 60 гаруй компанид нийтдээ 140 гаруй тэрбум төгрөг олгоод байна.

2013 онд нийт 50 гаруй бетон зуурмагийн үйлдвэр шинээр ашиглалтад орсон байна.

Энд бетон зуурмаг, элс хайрганы карьер. төмөрлөгийн үйлдвэр, цемент шохой, нийтийн аж ахуйн барилгын компани, дайрганы үйлдвэр, арматурын үйлдвэрүүд хамрагдсан. Бид цаашдаа цементийн хэрэгцээгээ дотооддоо хангах зорилт тавьж байна. 2013 онд нийт 50 гаруй бетон зуурмагийн үйлдвэр шинээр ашиглалтад орсон байна. Төмөр эдлэлийн дөрвөн үйлдвэр ашиглалтад орлоо.

Одоо энэ зээлийг авахаар асуудлаа тавьчихсан 60 гаруй үйлдвэр байна. Үүнийг шийдээд өгвөл бид импортын хамаарлаас бүрэн гарна. Түүнчлэн тоосгоны үйлдвэрлэл импортын хамаарлаас бүрэн гарчихлаа гэхэд болно. Цэвэр усны хоолойг импортоор авах шаардлагагүй болж байна. Цонхны үйлдвэрлэл ч дотооддоо бүрэн хөгжсөн байна.

Ингээд үзэхээр барилгын ажилд шаардлагатай 15 бүтээгдэхүүнийг бид дотооддоо бэлтгэн нийлүүлэх боломж хангагдаж байна гэсэн үг. Цаашлаад дулаалгын болоод бусад материалыг ч дотооддоо үйлдвэрлэх боломж бий. Эргэлтийн хөрөнгийн зээл олгох хөтөлбөр гурван жил үргэлжлэх учраас бусад компаниуд ч авах боломжтой.

-Барилгын материалын эргэлтийн хөрөнгийн зээлийг ямар шалгуураар, ямар дамжлагаар олгож байгаа юм бэ?

-Материалын үйлдвэрүүд зээл авах саналаа эхлээд яаманд өгнө. Зээл хүсэгч компани нь барилгын материалын үйлдвэрлэлийг тогтвортой явуулдаг өөрийн гэсэн бааз суурьтай, бүтээгдэхүүн нь эрэлт хэрэгцээтэй байх ёстой. Импортын бүтээгдэхүүн оруулж ирдэг бол сүүлийн гурван жил тасралтгүй арматур, цемент импортоор оруулж ирсэн туршлагатай байх ёстой.

Тухайлбал, Гурвалжингийн гүүрэн дээр цемент оруулж ирдэг 40 гаруй компани бий. Тэд нийлж холбоо байгуулаад зээл авах саналаа өгч болох жишээтэй. Манай яаманд Төрийн нарийн бичгийн даргаар ахдуулсан ажлын хэсэг гарчихсан байгаа.

Манай улс цементийнхээ жилийн хэрэглээний 70-80 хувийг БНХАУ-аас авдаг.

Ажлын хэсэг тухайн компанийн саналыг авч хэлэлцээд хөтөлбөрт хамруулж болох юм байна гэдэг шийдвэрийг гаргана. Ингээд банкинд бичиг хийж өгнө. Арилжааны банк тухайн компаниа өөрийн шалгуураар судлаад зээл олгохоор шийдвэл яамны ажлын хэсэгт эргээд хариу өгнө.

Энэ хариуг Монголбанк руу явуулна. Монголбанк энэ зээлийг хянаад болно гэж үзвэл зөвшөөрлөө тухайн арилжааны банкинд өгнө. Зээл авахаар шалгарсан компани манай яам болон Шударга өрсөлдөөний газартай гэрээ байгуулна. Үнээ мөрдөхгүй, бүтээгдэхүүнээ хугацаанд нь оруулж ирэхгүй бол зээл нь зогсох хатуу нөхцөлтэй зээл юм.

Өнөөдөр манай төмрийн хүдэр гадагш нь гаргаж экспортлодог компаниуд бий. Төмрийн хүдрээ гол төлөв манай урд хөршид байгаа бугатын үйлдвэрт нийлүүлдэг. 

Тэгэхээр бид төмрийн хүдэр гаргаж байгаа компаниуддаа санал тавьсан. “Та нар нэгэнтээ төмрийн хүдэр гаргалаа. Оронд нь чанарын стандарт хангасан арматур оруулаад ир. Тэр арматураа Улаанбаатарт барилгын компаниудад нийлүүл гэсэн саналт тавьсан.

Тэгэхээр нь барилгын компани дээр хөнгөлөлттэй зээл болгож бичээд нөгөө арматурын үнийг нь төмрийн хүдэр гаргаж байгаа компаниуддаа өгнө.

Тэгвэл нэг талаасаа бид барилгын материал гэдэг валютаа гадагш гаргахгүйгээр, импортоор арматур оруулж ирэх бололцоотой. Энэ схемийг явуулаач гэдэг зүйлийг төмрийн хүдэр гаргаж байгаа консерциумд хэлж байгаа.

-Урдаас барилгын материалд өгдөг мөнгөний урсгал багасна гэж ойлгож болох уу?

-Эхний ээлжид цемент, арматурын үйлдвэрийг байгуулъя. Тэр нь бүсийн чанартай. Тухайлбал, Хөтөлийн цементийн үйлдвэрийг Засгийн газраас бодлогоор дэмжье. Дээр нь Хөтөлийн цементийн үйддвэр болон бусад цехээс гарч байгаа буталсан чулуунуудыг зургаан аймагт хүргэж тэнд нь тээрэмдэж цемент хийх ажлыг хэрэгжүүлэхээр болсон. Цаашдаа барилгын материалын цогцолбор үйлдвэрлэлийг аймагт бүрт байгуулах төлөвлөгөө бий. Тухайлбал, чулуу тээрэмдэж ангилах болон бетон зуурмаг, төмөр бетон эдлэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлтэй ажиллана.

Ингэснээр аймаг бүрт барилга сүндэрлэж тэр хэрээр зах зээлийн эрэлт, хэрэгцээг зохицуулна. Одоо ажиллаж байгаа үйлдвэрүүдийн техник, технологийн шинэчлэлийг эргэлтийнхөрөнгөөр нь дэмжинэ. Барилгын материалын нөөцийг бий болгож, үнийн өсөлтөөс сэргийлэх, үнийгтотворжуулах хөтөлбөрийг Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Монголбанктай тохиролцсон. Бид Монголбанктай энэ ажлыг хэрэгжүүлэх гэрээг үзэглэлээ. Барилгын материалын үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгөд, цемент, арматурыг үнэ нь өсөөгүй байхад гаднаас татаж авчрах. Мөн барилгын материалын салбарт шинэ техник, технологийг нэвтрүүлэх, энэ дүнгээрээ 379 тэрбум төгрөгийн төслийг барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжихээр тохирлоо.

-Барилгын стандартыг хэзээ жинхэнэ утгаар нь мөрддөг болох вэ. Байрны талбай хэмжээндээ хүрэхгүй байна гэсэн гомдлыг таслах цаг болсон юм биш үү?

-Норм, дүрэм, журам боловсруулж, стандарт тогтоох ажлын хэсэг байгуулсан. Оросын норм дүрмийг манай улс хэрэглэдэг. Бусад улсын туршлагыг судалж хүний аюулгүй байдлыг хангасан норм дүрмийг салбартаа хэрэгжүүлнэ. Модон барилгад Канадын норм, дүрмийг авч хэрэгжүүлэхэд хамгийн дулаан, эрчим хүчний алдагдал багатай байна.

 Төмөр карказан барилгад шалгарсан Австралийн туршлагыг хэрэгжүүлнэ гэх мэтээр сайн, чанартай бүхнийг судалж байна. Цутгамал барилгад газар хөдлөлтийн баллыг хамгийн сайн тооцдог Туркийн туршлагыг авах жишээтэй. Стандартын хувьд бодох зүйл их бий. Чанарыг захиалагч өөрөө сайн хянах, зураг төсөл зохиогчийн хяналтыг сайжруулах ёстой. Барилгын компанийн дотоод хяналтыг сайжруулахын тулд хөдөлмөрийн аюулгуй ажиллагааны чиглэлээр зохих хууль, журамд өөрчлөлт оруулна. Энэ чиглэлээр бид "Цэнхэр карт" хөтөлбөр боловсруулж, хэрэгжээд эхэлсэн.

-Дулааны шугам татах боломжгүй газарт орон сууц барьсан тул худалдаж авч болохгүй гэсэн мэдээллийг хотын захиргаанаас иргэдэд хүргэж байсан. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Зарим газарт дулааны шугам хүргэх бололцоогүйг бүгд мэднэ. Хотын зах руу, алслагдсан бүсэд бохирын болон дулааны шугам хүргэхэд хүндрэлтэй. Ийм тохиолдодд бид хүндрэлтэи гэдэг ганц өгүүлбэр хэлээд зүгээр суухгүй. Төвлөрсөн бус маягаар амины сууцны хорооллыг орчин үеийн жишиг рүү ойртуулах зэргээр янз бүрийн арга сэдэж байгаа.

-Комисс барилгыг ашиглалтад авах гэж уддаг. Эсвэл чанаргүй барилгыг нүдээ аниад өнгөрүүлдэг тохиолдол хотод олон гарсан. Үүнийг цэгцлэх үү?

-Барилга баригдаж дуусангуут улсын комисс 14 хоногт багтаан ашиглалтад хүлээн авдаг тогголцоогнэвтрүүлэхгэж байна. Тухайн барилгыг ашиглалтад оруулахад захиалагч өөрөө чанарыг сайн хянах ёстой. Барилгын ажлыг саатуулж байгаа асуудлыг төрийн байгууллагын зүгээс энэ мэтээр шийдэж байна. Зарим тусгай зөвшөөрөл олгох ажлыг ТББ-д хариуцуулсан. Барилгын тусгай зөвшөөрлийг бид хүнээс хамаарахгүйгээр цахим хэлбэрт шилжүүлж байгаа. Цаашдаа Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулж тусгай зөвшөөрлийг буртгэлийн системд оруулна.

-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан тэднийг бэлтгэж болохгүй юм уу?

-Улсын хэмжээнд 70 орчим сургалт үйлдвэрлэлийн төв үйл ажиллагаа явуулж байна. Дийлэнх нь барилгын чиглэлээр сургалт явуулж, мэргэжилтэн бэлддэг. Тухайлбал, өнгөрсөн жил барилгын чиглэлээр 5600 орчим мэргэжилтэн төгссөн. Тэднийг тодорхой хэмжээгээр ажлын байртай болгосон. Манай улсад бүтээн байгуулалтын ажил хурдацтай явж мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байгааг та түрүүн хэллээ. Барилгын салбарт голдуу гаднынхан ажиллаж байна гэдэг. Тиймээс бид 6600 орчим хүнийг барилгын шаардлагатай мэргэжлээр сургаж Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа. Замын болон барилгын чиглэлээр ажилладаг компаниуд ямар мэргэжилтэн хэрэгтэй байгаагаа бидэнд захиалаг.

-Ямар мэргэжлийн хүн авахаа та бүхэнд мэдүүлж, сургах хүнээ ч явуулж болох нь ээ, тэгвэл?

-Хоёр сар онолын сургалт явуулсны дараа суралцагч ажиллах газартаа дадлага хийнэ. Бид барилгын компаниудад хэрэгцээтэй хүнээ сургахыг сануулсан. Ажлын байран дээрээ дадлага хийлгэх гэж зэхэж байгаа.

-Барилгын компаниуд тогтсон ажилтангүй, нэг, хоёр нөхөр дэвтэр сугавчлаад явдаг гэх юм. Үүнээс болж чанаргүй ажил, хөдөлмөр  хамгаалал алдагддаг болов уу?

-Бид барилгын компаниудын эздэд шаардлага тавьж эхэлсэн. Ирэх жилүүдийн бүтээн байгуулалтын ажилд оролцохдоо өөрийн боловсон хүчинтэй бол гэж шахсан. Хэрэгцээтэй мэргэжилтнээ захиалж сургаад ав. Дараа нь иргэдийн хэлдэг гомдол арилах биз.