1000 оюутны байр удахгүй ашиглалтад орно
1000 оюутны байрны барилгын үйл явцтай танилцах үеэр.
2013.10.02

1000 оюутны байр удахгүй ашиглалтад орно

УИХ-ын гишүүн А.Тлейхан, Ц.Даваасүрэн, С.Бямбацогт нарын санаачилгаар Арслантай гүүрний урд байрлах оюутны хотхонд “1000 оюутны байр” шинээр бариулсан билээ. Хоёр корпус бүхий уг байрыг 2011 оны тавдугаар сараас эхлэн барьж, өнгөрсөн оны наймдугаар сард ашиглалтад өгөх ёстой байсан.

Анх төсөвлөсөн хөрөнгөнөөс нь нэг тэрбум төгрөг дутаж байсан гэх уг байр хэзээ ашиглалтад орж, оюутнуудаа хүлээж авахыг Монголын оюутны холбооны дэд захирал Д.Батчулуунаас тодрууллаа.

-“1000 оюутны байр” хэзээ ашиглалтад орох вэ?

-Барилгын ажил дууссан. Сургууль бүрт уг байранд авах оюутны тоог өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл сургуулиуд дээр нь бүртгэл хийгээд эхэлчихсэн. Энэ сарын 10 гэхэд оюутнуудаа хүлээж авна гэсэн төлөвлөгөөтэй байна. Гүйцэтгэгч компани энэ сарын 5-нд байраа хүлээлгэж өгөх юм.

-Дотор тохижилтын хөрөнгө шийдэгдээгүй гэж байсан. Юу болсон бэ?

-Дотор тохижилтыг сургуулиуд өөрсдөө хийнэ. Бид сургуулиудын төлөөлөлтэй уулзахад ор, ширээ, сандал бэлэн болсон гэсэн хариу өгсөн. Улсын комисс байраа хүлээж аваад оюутнуудаа оруулна.

-Энэ байрыг анх барихдаа шилдэг оюутнуудыг оруулна гэж байсан. Ямар шалгуураар оюутнуудыг оруулах вэ?

-Хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнуудыг оруулна гэсэн шаардлагыг МОХ-ноос тавьсан. Яг ямар хүүхдээ оруулахыг тухайн сургууль өөрсдөө шийднэ. Түүнээс биш дүнгийн голч хараад өндөр оноотой оюутнуудыг оруулна гэсэн зүйл байхгүй.

Дунджаар нэг сургуулиас 840 оюутан авна.
-Нэг сургуулиас хэдэн оюутан орох бол?

-Нийт 50 сургуулийн 1000 оюутан орно. Сургуулиудын оюутны тоо харилцан адилгүй байгаа. Дунджаар нэг сургуулиас 840 оюутан авна.

-Хэдэн төгрөгийн төлбөртэй вэ?

-Төлбөрийг яамнаас батална. МОХ-ноос 500 мянган төгрөгийн төлбөртэй байлгая гэсэн санал өгсөн. Эцсийн шийдвэрийг яам гаргана. Бидний санал болгосон үнэ хотын төвийн шинэ байр гэсэн утгаараа дундаж төлбөр гэж үзэж байгаа.