Мэндчилгээ
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2013.10.01

Мэндчилгээ

Эх орныхоо хөгжил дэвшлийг өөрсдийн бие сэтгэл, ариун хөдөлмөрөөр бий болгож, ирээдүй хойч үеийнхээ бахархал, үлгэр дууриал болсон настан буурлууддаа “Олон улсын ахмадын өдөр”-ийн мэндийг дэвшүүлье. 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр Олон улсын ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлал тогтоод 23 жил болжээ.

Энэ жил НҮБ-аас Олон улсын ахмадын өдрийг “Настнуудын хэлж буй ирээдүйг бид хүсч байна” уриан дор тэмдэглэхийг гишүүн орнууддаа уриалсан. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн салбар, шинэчлэлийн үйл ажиллагааны хүрээнд энэ жилээс эхлэн “Ахмад насны эрүүл мэндийг дэмжих сар”-ын ажлыг улсын хэмжээнд жил бүрийн 10 дугаар сард зохион байгуулж байхаар шийдвэрлэснээ та нартаа дуулгахад таатай байна.

Энэ жилийн сарын ажлын хүрээнд хүн амыг эрүүл насжихад бэлтгэх эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааг өргөжүүлэх, ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, ахмад настны сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, харааны сулрал, ясны сийрэгжилттэй тэмцэх зэрэг тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх,

өвчний улмаас бусдын асрамжинд байгаа настнуудад эмнэлгийн тусламж үйлчилгээг гэрт нь хүргэх, эрүүл насжилтыг дэмжсэн үйл ажиллагааг бүх насныханд зориулан явуулах зэрэг арга хэмжээг эрүүл мэндийн бүх байгууллагуудаа оролцуулан зохион байгуулахаар төлөвлөж байна.

Орчин цагийн Анагаах ухаан өтлөлттэй дайн зарлаж өтлөлтөөс урьдчилан сэргийлж, урт насалж байгаадаа сэтгэл хангалуун байх, эрүүл чанартай урт наслах нөхцөл бололцоог бий болголоо. Монгол орон ч гэсэн дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхаж ахмад настнууддаа чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн төлөө байна. Та бүхэндээ эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд        Н.Удвал