Үүл баатарын санаачилга боловсролын салбарт
Хотын захирагчийн ард түмний таалалд нийцүүлсэн ажил нь автомашиныг улсын дугаараар хязгаарлаж, замын хөдөлгөөнд оролцуулах байсан. Хүн бүрийн-сэтгэлд нийцсэн энэ ажил их үр дүнтэй өрнөж буй. Гэхдээ бүх хүн дуртай учраас аль ч салбарт нэвтрүүлж болно гэсэн үг биш.
Саяхан нийслэлийн 39 дүгээр цэцэрлэг "Нэрсийн хязгаарлалт" тогтоожээ. Өөрөөр хэлбэл, хүүхэд таван өдрийн нэгэнд нь гэртээ байна гэсэн үг. Эл хязгаарлалтад тус цэцэрлэгт хүмүүждэг хүүхдүүдийн эцэг, эх тийм ч таатай хүлээж авахгүй байгаа. Учир нь, арай ядан хандив нэртэй хахууль өгч, таньдаг хүнээрээ яриулан хүүхдээ өгсөн учраас ажлын таван өдрийн нэгэнд дахиад л хэн нэгэнд мөнгө төлж харуулах нь хэмээн дургүйлхэж байгаа. Гэхдээ нэг бол "Нэрсийн хязгаарлалт''-нд хамрагдах эсвэл хүүхдээ гэртээ байлгах гэсэн "сонголтгүй" сонголттой учраас дуугүйхэн л цэцэрлэгийн захиргааны шийдвэрийг дагахаас аргагүйд хүрч.
Харин хүүхдээ цэцэрлэгт өгч чадаагүй хэсэг нь таван өдрийн гуравт нь ч хамаагүй явуулах хүсэлтэй. Ид өвлийн улирал эхлэн ханиад, халдварт өвчин дэгдэх учраас хамгийн зөв гарц олсон нь энэ. Хамран суралцах тойргийн хүүхдүүдээ бүртгэсэн ч нэг ангид 60-аас илүү суралцагч ногдоод байгаа гэнэ. Энэ олон хүүхэд ангидаа багтахгүйгээс гадна хоёр багш нэгэн зэрэг бүгдтэй нь ажиллаж чадахгүй учраас ийм шийд гаргахаас өөр аргагүйд хүрсэн гэнэ. Ямартай ч, цэцэрлэгийн салбарт Үүл баатарын санаачилга нүдээ олсон гарц болж байгаа бололтой.
Түгжрэл үүсгэдэг гэдэг төрийн болон төрийн бус өмчийн нийлсэн 14 сургуулийг сонгож, сурагчдыг нь нэгдсэн унаагаар зөөхөөр болсон.
Түгжрэлийг бууруулах зорилгоор өнгөрсөн жил нийслэлийн Засаг даргын А/Б32 тоот захирамжийн дагуу ерөнхий боловсролын сургуулиуд сурагчдаа автобусаар үйлчлэх болсон. Ингэхдээ түгжрэл үүсгэдэг гэдэг төрийн болон төрийн бус өмчийн нийлсэн 14 сургуулийг сонгож, сурагчдыг нь нэгдсэн унаагаар зөөх үүргийг холбогдох байгууллагын удирдлагуудад өгсөн. Үүнээс гадна гэр хорооллын алслагдсан хүүхдүүдийг автобусаар зөөхөөр болсон юм. Энэ хичээлийн жилд нийт 32 сургуулийн 3400 хүүхдийг 102 автобусаар тээвэрлэхээр төлөвлөснөөс одоогоор 27 сургуулийн 2510 хүүхэд 92 автобусаар зорчиж байна.
Энэ дунд төрийн өмчийн найман сургууль сурагчдаа автобусаар зөөж байна. Хамгийн сүүлд, "Сант" сургууль дөрвөн автобус үйлчилгээнд гаргасан бол удахгүй хоёрыг нэмэх гэнэ. Харин ирэх долоо хоногт нийслэлийн Нэгдүгээр сургууль сурагчдаа автобусаар зөөж эхлэх аж. Ингэж сурагчдыг зориулалтын унаагаар зөөх нь замын түгжрэлийг бууруулахаас гадна тэдний аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
32 сургуулийн 3400 хүүхдийг 102 автобусаар тээвэрлэхээр төлөвлөснөөс одоогоор 27 сургуулийн 2510 хүүхэд 92 автобусаар зорчиж байна.
Төрийн бус өмчийн сургуулийн сурагчдыг гэрийнхэн нь үргэлж машинаар хүргэж өгдөг. Гэтэл "дугаарын хязгаарлалт"-аас болоод таван өдрийн нэгэнд нь хэрхэн хүүхдээ хичээлд нь хүргэх талаар асуудал үүсдэг байсан бол үүнийг нь шийджээ. Харин дугаарын хязгаарлалтад хамрагдаагүй өдрөө хүүхдээ автобусаар явуулах нь юу л бол.
Сүхбаатар дүүргийн XI хороололд байрладаг "Орчлон" дунд сургууль гэхэд дээрх автобусаар үйлчлэх сургуулийн жагсаалтад орсон. Гэхдээ өглөөний 08:00-08:30 цагийн хооронд тус сургуулийн урд талын зам түгжирсэн хэвээр. Эцэг, эхчүүд хүүхдээ машинаараа зөөсөөр. Үүнийг нь зохицуулахаар өглөө бүр хоёр цагдаа ажилладаг ч нэгдүгээр эгнээнд машинаа тавиад хүүхдээ өгөхөөр явчихдаг нэгэнд нь юу ч хэлж чаддаггүй. Учир нь, тэд баячууд. Гэхдээ Үүл баатар авто машины хөдөлгөөнийг дугаараар нь хязгаарлаагүй бол тус сургуулийн урд талын түгжрэл үүнээс 20 хувиар илүү байх л байлаа.