Ц.Элбэгдорж Чикаго хотын төлөөлөгчтэй уулзлаа
МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чикаго хотын төлөөлөгчтэй уулзав
2013.09.30

Ц.Элбэгдорж Чикаго хотын төлөөлөгчтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АНУ-ын Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы арга хэмжээ өндөрлөсний дараа тус улсдаа хүн ам, нийгэм эдийн засгийн үзүүлэлтээрээ гуравт ордог Чикаго хотод энэ сарын 27-ны өдөр хүрэлцэн ирлээ.

Чикаго хотод айлчлах хөтөлбөрийнхөө хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  тус хотын улс төр, бизнесийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ удаагийн дугуй ширээний уулзалтыг “Олон улсын харилцааны асуудлаарх Чикагогийн Зөвлөл” зохион байгуулсан юм.

1922 онд үүсгэн байгуулагдсан тус зөвлөл нь олон улсын харилцааны өргөн хүрээний асуудлаар өндөр нэр хүнд бүхий удирдагч, төр засгийн тэргүүн, улс төрийн лидер, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн шинжээчдийг Чикаго хотноо урьж, тэдний үзэл бодлыг сонсох, олон нийтэд сурталчлах, бодлого тодорхойлогчдын байр суурийг таниулах замаар дэлхий дахинд тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд нөлөө үзүүлэх зорилготой бие даасан, төрийн бус байгууллага юм.

Тус зөвлөлөөс зохион байгуулсан арга хэмжээнд, АНУ-ын Ерөнхийлөгч агсан Герберт Хүүвер, Энэтхэгийн Ерөнхий сайд агсан Ж. Неру, Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Киссинжер, Их Британийн Ерөнхий сайд агсан М.Тэтчер, ЗСБНХУ-ын Ерөнхийлөгч асан М.Горбачев, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга агсан У Тан, Курт Вальдхайм зэрэг хүмүүс уригдаж, илтгэл тавьж байжээ.

Олон улсын харилцааны асуудлаарх Чикагогийн Зөвлөлийн дарга ноён Иво Даалдер өөрийн биеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор хүлээн авч, хүндэтгэлийн гэрэл зураг татуулахын хамт тус зөвлөлийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлаж байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Төрийн тэргүүнээр ажиллаж, дэлхийн хэмжээний үйл хэрэгт идэвх нөлөөтэй оролцож буйд чин сэтгэлээсээ бахархаж явдгаа хэлж, уулзалтын арга хэмжээнд урив.

Уулзалтад Чикаго хотын Засаг даргын орлогч Стивэн Коч болон Чикаго хотын уул уурхай, зам барилга, эрчим хүч, банк санхүү, хууль, тоног төхөөрөмж үйлдвэрлэл, худалдааны  тэргүүлэх 35 компанийн төлөөлөл оролцлоо.

Чикаго хотын Засаг даргын орлогч Стивэн Коч болон Чикаго хотын уул уурхай, зам барилга, эрчим хүч, банк санхүү, хууль, тоног төхөөрөмж үйлдвэрлэл, худалдааны тэргүүлэх 35 компанийн төлөөлөл оролцлоо.

Уулзалтын эхэнд Чикагогийн Зөвлөлийн дарга ноён Иво Даалдер Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ "Монгол Улс бол ардчиллын үлгэр жишээ болсон, социализмын дараах шилжилтээс хойшхи хугацаанд хүний эрх, эрх чөлөөг дээдлэх чиглэлд хамгийн их амжилтад хүрсэн орнуудын нэг. Дэлхийд эдийн засгийн амжилтаараа хамгийн үнлэгдэж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийг Чикаго хотын улс төр, бизнесийн төлөөлөл хүлээн авч буйдаа баяртай байна” хэмээв.

Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засаг болон 1989 оноос хойшхи ардчилсан хувьсгал, түүний үйл явц, сорилт бэрхшээл, туршлагын талаар дэлгэрэнгүй ярив.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Монгол Улсын давуу тал бол нээлттэй байдал. Үүгээрээ давуу гэж хэлж болно. Бид хаана ч, юуг ч нуудаггүй. Өнөөдрийн энэ ярилцлага ч үүний нэг хэсэг. Монгол Улсын Их Хурлын намрын чуулган  удахгүй хуралдана. Чуулганаар хөрөнгө оруулагчдад ээлтэй бус хуулиудыг өөрчлөх, хөрөнгө оруулагчдад урт хугацааны таатай боломж олгох талаар ярилцана.

Монголд ямар боломж байна вэ. Бизнесийн сонирхол хаашаа салхилж, зүг чиг нь хаашаа болох нь вэ гэж ажиглахаар ирсэн хүмүүс байгаа.  Монгол Улс ойрын жилүүдэд  эрчим хүчний асуудлаа анхаарах ёстой. Монголоос их боломж гарч ирнэ. Монгол Улс эрчим хүчний боломжоо нэмэгдүүлэхийн хэрээр бизнесийн боломж ихээр гарч ирнэ.

Байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр бий болгох, нар салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нөөц манай улсад асар их бий. Төмөр замын хүчин чадлаа маш их нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ чиглэлд хоёр хөрш оронтойгоо идэвхтэй хамтарч ажиллах ёстой. Сая би Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр хоёр хөршийн удирдагчидтай уулзсан.  БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй маш элэгсэг дотно яриа өрнүүлсэн.

Шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хамтарч шийдвэрлэх талаар ярилцсан. Зорилгодоо хүрч чадна гэсэн итгэл дүүрэн байна. Өөрийн гэсэн бензин шатахуун боловсруулдаг хүчин чадалтай байя гэж бодож байна. Энэ чиглэлийн эх үүсвэр, газрын тос гаргах боломжийн талаар маш их онцгой анхаарч ажиллах төлөвлөгөө, эрмэлзэл байна. Монголд маш их бизнес байна гэж хэлж болно” гэлээ.

Мөн “Монгол Улсын эдийн засагт уул уурхайн эзлэх байр суурь үлэмж өсч байгаа энэ жилүүдэд бид иргэдээ улам бүр боловсролтой болгох, мэргэшүүлэх тал дээр ихээхэн анхаарч байгаа. Танай улстай бид боловсролын салбар дахь харилцаагаа илүү өндөр түвшинд хүргэх зорилттой байна.

Бид Монгол Улсын иргэн дэлхийн шилдэг 20 их сургуулийн нэгд элсч чадвал сургалтын зардлыг нь Засгийн газраас даах зэргээр чанартай, мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэхэд ихээхэн анхаарч байгаа. Уул уурхайн олборлолт, тус салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын сэдвийн цаана байгаль орчны асуудал, иргэдийн маань эрх ашиг хамгийн түрүүнд байдаг учраас бид дээрх асуудалд маш нухацтай хандах хэрэгтэй болдог” хэмээн Ерөнхийлөгч онцлон дурдлаа.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чикаго хотын “Chicago Sun Times”, “Chicago Tribune” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудад Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал, ардчиллын сорилт бэрхшээлийг хэрхэн амжилттай даван туулах тухай болон бусад сэдвээр ярилцлага өгөв.