Ерөнхийлөгчийн НҮБ-ын ерөнхий ассамблейн 68-р чуулганы ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үг
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Нью-Йорк хот /09.26/
2013.09.27

Ерөнхийлөгчийн НҮБ-ын ерөнхий ассамблейн 68-р чуулганы ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үг

Ноён Хурлын  дарга аа,
Эрхэмсэг ноёд оо,
Хатагтай, ноёд оо,

Ерөнхий Ассамблейн чуулганы даргаар сонгогдсон Анти Барбуда улсын иргэн  ноён Жон Ашед үүрэгт ажилдаа эхлэн орсонд  юуны өмнө баяр хүргэхийг зөвшөөрнө үү. Бид дэлхий дахины байдлыг хамтаар дүгнэн хэлэлцэж өөрсдийн санаа бодол, алсын харааг хуваалцан ажил хэргээ  хамтран  шийдэхээр хуран цуглаад байна.

Ноён Дарга аа,
Бидний өнөөдрийн байдлаас яриагаа эхлэе гэж  би бодож байна. Жил бүр 70  гаруй сая хүн дундаж давхаргад дэвшин орж байна. Мянганы хөгжлийн зорилтууд олон тэрбум хүний аж байдлыг дээшлүүлсэн. Дэлхийн хэмжээнд ядуурлыг бууруулах зорилт хэрэгжиж зарим газарт товлосон хугацаанаасаа ч өмнө биелэж байна.

2015 оныг  барианы цэг  бус  харин шинэ эрин үед дэвшин орох гарааны зурхай гэж үзэх учиртай. Бид бүхэн олсон амжилтдаа тулгуурлан, үлдэж байгаа зорилтуудаа ханган биелүүлэх  ёстой. Харамсалтай нь тийм зорилт цөөнгүй байна.

Өнөөдөр 200 сая гаруй хүн  эрхэлсэн ажилгүй, 50 сая илүү хүүхэд суралцах сургуульгүй, найман хүн тутмын нэг нь өлсгөлөн амь зууж байхад  жил бүр 900 тэрбум гаруй ам. долларыг зэр зэвсэгт зарцуулж байна. Энэ их  хөрөнгө мөнгөний багахан хэсгийг ч болтугай  эрүүл мэнд, боловсролд зарцуулж болохсон. Ийм байдлыг  хүлцэн тэвчиж боломгүй байна.

Уур амьсгал хоёр хэмээр дээшлэхэд гамшиг бус юм гэхэд аюул тулгарна. Хүрээлэн буй байгаль орчин  асар түргэн өөрчлөгдөж байна. Үйлдвэрлэлийн хүрээнд  дэлхий нийтийн хэрэглээ нь манай гаригийн хүчин чадлаас хэдийнээ давсан байна. Нөөц баялаг шавхагдаж, хүн төрөлхтөнд ноцтой аюул тулгарч байна. Цаг хугацаа шавхагдаж энэ бүгдийг өөрчлөх шаардлагатай болоод байна.

Ноён Дарга аа,

Монгол орныхоо  талаар танилцуулж,  ард олныхоо санаа бодлыг та бүхэнтэй хуваалцая.

Монгол бол арвин баялаг түүхтэй, өнө эртний боловч цэл залуу сэтгэлтэй аугаа үндэстэн билээ. Бид  бол эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшлийн ховорхон боломжийг  олгосон байгалийн асар их баялагтай азтай  ард түмэн. Хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж буй хөгжиж байгаа эдийн засаг  маань хурдацтай өсөлтөөрөө дэлхийд хошуучлагчдын тоонд орж байна.

Бүх нийтийн анхан шатны боловсрол хийгээд хүүхдийн эндэгдлийг бууруулах, эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах зэрэг хөгжлийн зорилтуудыг бид олон талаар ханган  биелүүлээд байна. Гэвч МХЗ-уудын хэрэгжилтийн талаарх саяхан гарсан  Үндэсний  тав дахь илтгэлээс үзэхэд олон зүйлийг хийж гүйцэтгэх шаардлагатай  байсаар байна. Хөгжлийн зорилтуудаа  ингэж биелүүлэхийн тулд төр, засгийн газар улс төрийн намууд, хувийн хэвшил, судалгааны байгууллагууд, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл зэрэг  нийт үндэсний хэмжээний оролцогч талуудтайгаа нягт хамтран ажиллаж байна.

Түүнчлэн хамтын эрх ашгийнхаа төлөө гар нийлж ажиллахаар хөрөнгө оруулагчдыг уриад байна. Хэдхэн хоногийн өмнө  бид  "Монголын ирээдүйн талаарх стратегийн яриа хэлэлцээ" сэдвээр дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг өөрийн оронд амжилттай  зохион байгуулсан. Манай орны  эдийн засгийн хөгжлийн ирээдүйн зам мөрийг эрэлхийлэхээр олон тооны оролцогчдын төлөөлөл энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцсон. Монголчууд байгаль орчноо чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюултай үр дагаварт хамтын хариуцлага үүрэхээ бид ухамсарлаж байгаа учир хөгжлийн томоохон бодлогуудыг дэвшүүлэн тавьж цөлжилтийн эсрэг үндэсний тусгай хамгаалалттай газруудыг байгуулан бэхжүүлж байна. Эдгээр байгалийн үзэсгэлэнт  тусгай хамгаалалттай газрууд бол эко жуулчлалын гол цөм болоод зогсохгүй байгаль орчноо хайрлан хамгаалсны  үр шим, ногоон ажлын байруудыг бий болгоно. Манай улс ногоон хөгжлийн Азийн асар том  сүлжээг байгуулж байна. Энд сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэн Азийн хэрэглэгчдэд нийлүүлэх болно. Монгол Улсад анхны салхин тээрмийг хувийн хэвшил байгуулж үйлдвэрлэлээ эхлэсэн. Манай  улсын дотоодын хэрэгцээнээс давсан  их хэмжээний эрчим хүчийг энд салхины  хүчээр үйлдвэрлэж болно. Хөрсний доройтол,  ой  устах, байгалийн гамшигт үзэгдэл, бохирдол гэх мэт байгалийн олон сорилт тулгарч байна. Эдгээр  хүндрэл бэрхшээлийг хамтын хүчээр нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байна. Эдгээр сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд байгаль орчны талаарх боловсрол мэдлэг,  олон нийтийн өргөн оролцоо нэн чухал юм. Монголчууд,  ялангуяа залуу үеийнхэн маань ирээдүй хойч үедээ илүү сайхан байгаль орчныг  өвлөн үлдээхийг тууштай эрмэлзэж байна. Монгол Улсад бүх түвшинд авилгатай тэмцэх нь хэчнээн  чухал байгааг миний бие өнгөрөгч онд ярьсан. Бид засаглалын бүх шатанд ардчиллын дайсан "авилгыг үл тэвчих" тэмцэл өрнүүлээд байна. Чингэсэнээр Монгол Улс "Транспаренси интэрнэйшнл" байгууллагын судалгаагаар түүнд хамрагдсан улсууд дотор 26 байраар урагш ахисан байна. Авилгатай тэмцэхэд ил тод байдал  хамгаас чухал. Иргэд төлсөн татварынхаа мөнгөний хэд нь  хаана зарцуулагдсныг  үндэсний болон орон нутгийн  засаг захиргааны аль ч байгууллагаас мэдэх эрхтэй. Манай “шилэн дансны” тогтолцоо нь бүхий л төсөв хөрөнгийг нээлттэй, ил тод байлгах нөхцөлийг хангадаг. Иргэд мэдээлэл авах, улмаар өөрсдийн нийгмийн хөгжлийн асуудлаар үгээ хэлэх боломжтой байх ёстой. Хамгийн сайн засаглал бол иргэдийн  идэвхтэй оролцооноос үүдсэн байх учиртай.

Ноён Дарга аа,

Монгол Улс ардчилсан хөгжилд итгэдэг.

Монгол Улс хорин жилийн тэртээ Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлнэ гэж  хэн ч төсөөлөхгүй байсан. Дэлхийд танигдан,  хүндэтгэл талархлыг нь хүлээсэн олон улсын энэхүү ардчилсан хөдөлгөөн эрх чөлөө, ардчиллыг түгээн бэхжүүлэхийг зорьдог юм. Хүний эрхийн төлөө тэмцэгч олон зуун идэвхтэн, олон орны ардчилсан удирдагч нар өнгөрөгч дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо хуран чуулсан. Тэдний баталж гаргасан Улаанбаатарын Тунхаглал ардчиллыг хөгжүүлэх хэтийн чиглэлийг тодорхойлсон. Бидний санаачилсан Азийн ардчиллын сүлжээ, мөн Сайд нарын Зөвлөлдөх уулзалт нь ардчилсан хөгжлийн бат бэх үндсийг тавьж өгсөн.

Иргэдийн оролцоог бэхжүүлэхийн төлөө тавьж буй хүч чармайлт ардчиллын боловсролыг түгээн хөгжүүлснээр илүү үр дүнд хүрнэ гэдэгт би итгэдэг. Ардчиллын төлөө боловсролын тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67-18 тоот тогтоолыг хэрэгжүүлэх нь ардчилсан байгууллагуудыг бэхжүүлж, илүү олон иргэний хүний эрхийг баталгаажуулна. Учир нь мэдлэг бол хүч чадал  билээ. 

Ноён Дарга аа,

Бид хүний эрхийг хамгаалан хөгжүүлэхэд бүгдээрээ хүч чармайлтаа дайчлан төвлөрүүлэх учиртай.

Монгол Улс өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд ардчилалд суралцан, ардчиллыг өөрийн оронд  төлөвшүүлж ирсэн. Шинэ тулгар ардчилсан орнуудыг дэмжих үүднээс бид Олон улсын хамтын ажиллагааны санг санаачилан байгуулсан бөгөөд хэд хэдэн төслийг хэрэгжүүлж нэгэнт эхлээд байна.

Бид парламентын ардчилал, хууль эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлсэн сургамжаасаа Киргизстантай идэвхтэй хуваалцаж байгаа бөгөөд Афганистаны дипломатууд, төрийн албан хаагчдад зориулан сургалт зохион байгуулсан. Бид Мьянмар болон шинэ тулгар ардчилсан бусад улстай хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж байгаа.

Ардчилсан засаглал, хүний эрхийг хамгаалан хөгжүүлэхийн төлөө бидний бодлогыг дэмжихийг би гишүүн орнуудад хандан уриалж байна. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2015 онд болох сонгуульд Монгол Улсыг дэмжихийг мөн та бүхнээс хичээнгүйлэн хүсч байна.

Ноён Дарга аа,

Энх тайван, аюулгүй байдал бол хүний үндсэн эрх хэвээр байна. 

Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт хүн ард эцэс төгсгөлгүй хямрал мөргөлдөөний золиос болж байна. Маргаантай асуудлыг шийдвэрлэхийн тулд цэргийн хүч, зэр зэвсэг хэрэглэсээр байна. Мянга мянган хүн амь насаа алдаж, сая сая хүн орон гэрээсээ дүрвэж, бүр  илүү олон хүн зовж шаналж байна. Сири дахь эмгэнэлт байдал  үүний хамгийн сүүлийн жишээ юм. АНУ, ОХУ-ын санаачилга бодит үр дүнд хүрч, Сири дахь мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд хүргэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье.

Ноён Дарга аа, 

Монгол Улс үйл олноор хөнөөх зэвсгийг бүрмөсөн устгаж, үл дэлгэрүүлэхийн төлөө тууштай зогсдог. Бид химийн зэвсэг хэрэглэх явдалтай хэзээ ч эвлэрэхгүй бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын хуулийг зөрчихийг эрс шийдвэртэй буруушааж байна.  

Би цөмийн зэвсгийг хураах асуудлаар  өнөө өглөө чуулсан өндөр түвшний хуралдаанд оролцсон. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэггүй статустай, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын хоёр гишүүн орны дунд оршдог онцлогтой улсын хувьд Монгол Улс цөмийн зэвсгийг хураах, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхийн төлөө тууштай хүч чармайлт тавьж ирсэн билээ.  

Бидний тууштай хүч чармайлтын үр дүнд Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн Монгол Улсын өвөрмөц статусыг хүлээн зөвшөөрч Хамтарсан тунхаглал гаргасан билээ. Тэд манай статусыг хүндэтгэж, түүнийг зөрчсөн аливаа үйлдэлд оролцохгүй хэмээн амласан. Тэдний хамтарсан үүрэг амлалт нь ирээдүйд цөмийн аливаа төлөвлөгөө, стратегид биднийг барьцаалж ашиглахгүй гэдгийг баталгаажуулж байгаа юм. Энэ нь чухамдаа тус бүс нутагт илүү өргөн хүрээнд итгэлцэл, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр билээ.  

Зүүн хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Яриа хэлцээ, нээлттэй хэлэлцүүлэг итгэлцлийг буй болгодог гэдэгт бид гүнээ итгэдэг. Тийм ч  учраас “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” эхлүүлэх санаачилгыг бид дэвшүүлсэн юм. Бид бүс нутгийн бусад улсыг нийтлэг ашиг сонирхлыг хөндсөн янз бүрийн асуудлууд, тэдгээрийн дотор Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлуудыг хамтран хэлэлцэхэд урьж байгаа юм.  

Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий НҮБ-ын энхийг сахиулагчидтай Монголын цэрэг, офицерүүд мөр зэрэгцэн алба хааж яваад бид бахархаж байдаг билээ. Энхийг сахиулагчид  маань хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, энхийн үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаад бид  гүнээ сэтгэл хангалуун байдаг юм.  

Өнөөгийн мөргөлдөөнүүд хэчнээн түвэгтэй, аюултай болохыг бид бүгд сайн мэднэ. Манай энхийг сахиулагчид аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй бүс нутагт алба хааж байна. Тиймээс ч энхийг сахиулагчддаа сэтгэл санааны дэмжлэг, урам зориг өгөх үүднээс би энэ  оны хоёрдугаар сард Өмнөд Суданд очиж тэнд явагдаж байгаа НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаатай  биечлэн танилцсан. Энэ үеэр би Өмнөд Суданы Ерөнхийлөгчтэй мөн уулзаж, түүнд болон олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн залуу гишүүнд тусламж дэмжлэгээ санал болгосон болно.