Ерөнхийлөгч Цөмийн зэвсгийг хураах асуудлын хуралд оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68дугаар чуулганы гуравдахь өдөр (9 дүгээр сарын 26) бүхий л төр,засгийн тэргүүдийн анхаарлаа хандуулсан сэдэв нь “Цөмийн зэвсгийг хураах” тухай асуудал байв.
2013.09.27

Ерөнхийлөгч Цөмийн зэвсгийг хураах асуудлын хуралд оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68дугаар чуулганы гуравдахь өдөр (9 дүгээр сарын 26) бүхий л төр,засгийн тэргүүдийн анхаарлаа хандуулсан сэдэв нь “Цөмийн зэвсгийг хураах” тухай асуудал байв. “Цөмийн зэвсгийг хураах” асуудлаарх дээдтүвшний хурал дааныг нээж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Жон Вилиам Ашэ, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар үг хэлэв.

Чуулганд Монгол, Иран, Япон, Австри, Куб, Нигерзэрэг нийт 15 Улсын төр, засгийн тэргүүд үг хэлсэн бөгөөд тэд бүгд хэлэлцэж буй асуудлаар санал бодлоо хуваалцаж, цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийн үзэл санааг дэлгэрүүлэхэд шийдвэртэй алхам хийх эрэлт шаардлагын талаар өөрийн санаа бодлыг хүчтэй илэрхийлж, цөмийн туршилтыг бүрэн хориглох нь цөмийн зэвсгийг хориглох үйл ажиллагааг хурдасгаж, түүнийг үл дэлгэрүүлэх хүчирхэг хэрэгсэл болно гэж байлаа. Тухайлбал,Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хэлэхдээ, “Ерөнхий нарийн бичгийн даргын Цөмийн зэвсгийг хориглох таван зүйлт санаачилга дэвшүүлснийг дэмжиж, цөмийн зэвсгийг хориглох нь хойшлуулалгүй анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудын нэг мөн гэдэгтэй санал нэгдэж байна”гэв.  

Ираны шинэ Ерөнхийлөгч Хассан Роухани цөмийн зэвсгийн талаар Тегераны баримталж буй албан ёсны байр сууриа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ “Иран улс цэнхэр гаригтай хөлнийлүүлэн алхах, хөгжилтэй орон болохын тулд их хэмжээний цөмийн эрчим хүч хэрэгтэй, шаард­лагатай. Улс болгон өөрийн хөгжлийн гарцыг зөв сонговол аль болох бага хугацаанд хөгжиж чаддаг. Иран улсын цөмийн хөтөлбөр нь зөвхөн цөмийн эрчим хүч үйлдвэрлэх зорилготой”  хэмээв.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ “Дэлхий ертөнцийг цөмийн зэвсгээс ангижруулах үйлсийн тусын тулд цөмийн зэвсэгтэй хоёр гүрэнтэй хил залган оршдог Монгол Улс 20 жилийн тэртээ нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн дангаараа зарласан бөгөөд энэ статусыг механизм болгохоор шаргуу чармайн ажиллаж байна. Тус улс 2000 онд үндэсний хууль тогтоомжоо баталж, олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн хүрээтэй  дэмжлэг, өөрийн тууштай бөгөөд уян хатан бодлогын үр дүнд Монголын энэ статус баталгаажсан. 2012 оны есдүгээр сард цөмийн зэвсэгтэй таван гүрэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүлээн зөвшөөрсөн төдийгүй хүндэтгэх, түүнийг зөрчих алхам хийхгүй гэдгээ зарлан тунхагласан. Монгол Улсыг цөмийн зэвсэг хэрэглэн ямар нэгэн дарамт шахалт үзүүлэхгүй, түүний статусыг хүндэтгэнэ, их гүрнүүдийн өрсөлдөөн, геополитикийн өрсөлдөөнд шатрын хүү болгож ашиглахгүй, Монгол Улсын нутаг дэвсгэр итгэлцэл, тогтвортой байдлын талбар, бусдын эсрэг ашиглагдах ёсгүй гэж амалсан. Цөмийн зэвсэгээс ангид дэлхий ертөнцийг байгуулахад жижиг улс ч өөрийн хувь нэмэр оруулах боломжтойг харуулж зоригжуулсан” гэлээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээАюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах туршлагатай улсын хувьд Монгол Улс тус бүс нутагт Цөмийн зэвсэггүй бүс байгуулах асуудлаар Зүүн Хойд Азийн улсуудтай албан бусаар ажиллах боломжтой. Амаргүй боловч эр зориг, улс төрийн эрмэлзэл шаардсан энэ нь зорилт тууштай байдлын үндсэн дээр нэн даруй биш боловч хэрэгжих боломжтой гэдгийг бид мэднэ. Итгэлцлийг бэхжүүлэх алхам хийх шаардлагатай. Энэ зорилгын үндсэн дээр бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхийн тулд миний бие өнгөрөгч гуравдугаар сард ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаар Улаанбаатарын яриа хэлэлцээг эхлүүлэх санаачилга дэвшүүлж тус бүсийн улсуудыг илэн далангүй яриа хэлэлцээнд урьсан” хэмээн хэлэв. Үгийнхээ төгсгөлдЦөмийн зэвсгийг хураахын тулд хүч чармайлтаа дайчлан ажиллах бөгөөд өнөөдрийн эрч хүч бидний хүчин чармайлтыг улам нэмэгдүүлэх болно” хэмээв   НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулган үргэлжилж байна.