Д.Ганхуяг: Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх санал, санаачилга идэвхтэй өрнөж байна
Уул уурхайн сайд Д.Ганхуягтай ярилцлаа.
-УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх асуудлуудын ихэнх нь таны хариуцдаг салбар яамтай холбоотой. Энэ сэдвийн хүрээнд та ямар хариулт өгөх вэ?
-Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ сүүлийн хоёр жил дараалан буурах хандлагатай байна. Тодруулбал 2013 оны сүүлийн хагаст Монгол Улсын гол нэр төрлийн ашигт малтмал болох төмрийн хүдэр, зэс, нүүрсний зах зээлийн үнэ 13-40 орчим хувийн уналттай байна. Гэхдээ байдал тийм ч харлачихсан юм биш шүү. 2013 оны эхний хагас жилийн байдлаар манай салбараас улсын төсөвт оруулах төсвийн орлогын гүйцэтгэл 75.5 хувьтай байна.
Хөрөнгө оруулагчид ямар ч тохиолдолд ашиг ихтэй, түүнчлэн зах зээлийн үнэ тогтвортой, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин тогтвортой байгаа салбарт хөрөнгөө оруулдаг. Монгол Улсын тухайд өнгөрсөн онтой харьцуулахад гадаадын хөрөнгө оруулалт ойролцоогоор 43 хувиар буурсан байна.
Энэ дотроо уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт 32 хувиар буурсан. Манайд хийгдэж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын 85 орчим хувь нь уул уурхайн салбарынх байдаг. Тиймээс бид нөхцөл байдлыг сайжруулахад шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаатайгаар маш хурдтай, сайн ажиллах үүрэгтэй.
Хөрөнгө оруулалт буурсан шалтгаанд Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт 2013 онд дуусч байгаа, далд уурхайн бүтээн байгуулалтын нэмэлт санхүүжилтийн асуулт шийдэгдээгүй байгаа, урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2012 оны УИХ-ын сонгуулийн ид үед 194 тогтоолыг Засгийн газар гаргаж, 1300 орчим тусгай зөвшөөрлийн талбайг хамруулсан байдаг.
Энэ нь одоо хүчинтэй байгаа тусгай зөвшөөрлийн 30-40 хувийг эзэлж байгаа учир салбарын хөрөнгө оруулалт буурахад тодорхой түвшинд нөлөөлсөн. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай юу гэвэл тийм. Гэхдээ хэрхэн яаж хэрэгжүүлэх, нөхөн олговор олгох боломж байгаа билүү гээд асуудлууд их байна.
Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулахтай холбогдсон хуулийг өөрчилж Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар батлах гэж байна. Яг өнөөгийн байдлаар эдийн засагт нь уул уурхайн салбарын нөлөөлөл ихтэй орнуудад экспортын орлого буурч, валютын ханш өсөх хандлага ажиглагдаж байна.
Дээрээс нь манайд байгаа нэг хүндрэл нь экспортын орлогынхоо тодорхой хувийг урьдчилгаа зээлээр аваад тараачихсан. Хэмжээ нь 1 тэрбум орчим ам.доллар. Шинэчлэлийн Засгийн газар үүнийг урьдчилж харан богино хугацаанд бондын санхүүжилтийг татаагүй бол эдийн засаг улам хүндрэх байсан.
Гэхдээ энэ нь ганцхан Монгол Улсад тулгараад буй асуудал биш. Тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн ашиг орлого буурахаар, тэр салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ буурдаг нь нийтлэг жишиг. Эдгээр нь бол гадаад хучин зүйл.
Дотоод хүчин зүйл нь товчхондоо бизнес, хөрөнгө оруулалт орчны тогтворгүй байдал, бэлэн мөнгөний амлалтаас экспортын орлогын зарим хэсгээ урьдчилж авч хэрэглэсэн явдал юм. Дээр нь бас нэг томоохон асуудал нь үнийн уналттай нүүрс зэрэг ашигт малтмалын өртөг, зардалд тээвэр ложистикийн зардал харьцангуй их хувийг эзэлж байгаа явдал юм. Төмөр замыг аль болох Хурдан ашиглалтанд оруулах шаардлагатай.
-Засгийн газраас өргөн бариад буй хуулиуд Монголын эдийн засагт ямар шинэчлэл авчрах вэ?
-Мэдээж, өөрчлөлт, шинэчлэлт авчрах нь ойлгомжтой. Энэ бол цаг хугацааны асуудал шүү дээ. Тухайлбал Монгол Улсын Засгийн газрын бонд гаргах санал гаргахад худалдаж авах эрэлт их хэвээр байна. Саяхан Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлалын үеэр Эдийн засгийн хөгжлийн яамнаас Японы зах зээлд Засгийн газрын бонд гаргах саналыг илэрхийлэхэд тэр дороо л хөрөнгө оруулалт, санхүүгийн банкууд олон банкууд хандаж байх жишээтэй.
Алтны худалдаа ил тод болсноор Монгол Улс жилд Оюутолгойг оруулаад 38 орчим тонн алт олборлох боломж бүрдэж, энэ алтыг Монголбанк зах зээлийн ханшаар худалдан авдаг болно.
Энийг юу гэж ойлгож байгаа талаар ч ойлгоцоо нэгтгэх нь зүйтэй юм. Хөрөнгө оруулалт бизнесийн орчныг тогтвортой байдлыг дунд, урт хугацаанд хангах Хөрөнгө оруулалтын тухай хуулиа гаргах,
нөгөө талаас алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх, урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг ээлжит бус чуулганаар батлуулах зорилготой ажиллаж байна.
Ер нь урт нэртэй хуульд нэг ч үг, өгүүлбэрийн өөрчлөлт орохгүй. Нэг ч тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй. Харин энэ хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах юм.
Ингэснээр хууль бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ. Мөн байгаль орчин нөхөн сэргээгдэнэ. Нөхөн олговор олгох эсэх асуудлыг ч УИХ шийдэж өгөх байхаа.
Алтны худалдаа ил тод болсноор Монгол Улс жилд Оюутолгойг оруулаад 38 орчим тонн алт олборлох боломж бүрдэж, энэ алтыг Монголбанк зах зээлийн ханшаар худалдан авдаг болно. Өнөөгийн ханшаар 1.7 орчим тэрбум ам.доллар болно. Хөрөнгө оруулалтын орчин дунд, урт хугацаанд тогтвортой, өрсөлдөх чадвартай болно.
Монгол Улс нэг хүнд оногдох газар нутаг, баялгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Мөн Монгол Улс Дэлхийн томд тооцогдох мөнхийн хоёр хөрштэй орон билээ. Хөрөнгө оруулалтыг татах чиглэлд УИХ, Засгийн газар эрчтэй ажиллах шаардлагатай байна. Бидэнд хийх бүтээх сэтгэл байвал итгэлийг лавшруулж болно. Цаашид аливаа асуудал бодлого тодорхойлогчдоос хамаарах болно.
-Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд ямар өөрчлөлт орж байгаа вэ. Энэ нь ямар давуу талтай вэ?
-Дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор урт нэртэй хууль бүрэн хэрэгжих боломж бүрдэх юм. Тухайлбал, одоо байдал ямар байна гэхээр 1300 гаруй тусгай зөвшөөрлийн эзэмшигч давхардсан тоогоор 800 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа зогсоочихсон байгаа. Мэдээж байгаль орчин нөхөн сэргээгдээгүй байна.
Оруулсан хөрөнгө оруулалтыг хаанаас нөхөн төлөх асуудал ч шийдэгдээгүй байна. Урт нэртэй хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах болон дуусгавар болох хүртэлх хугацаанд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах журам, гэрээний загварыг Засгийн газар батлахаар өөрчлөлт оруулна.
Манайд хийгдэж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын 85 орчим хувь нь уул уурхайн салбарынх байдаг.
Хуулийг мөрдөхөөс өмнө болон хойно олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл, хууль гарснаас хойш олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг энэ журмаар зохицуулахгүй. 2012 оны зургадугаар сарын 5-ны (УИХ-ын сонгуулийн үеэр) Засгийн газрын 194 дүгээр тогтоол гарч , энэ тогтоолын дагуу хилийн заагийг тогтоосон байна.
Энэ талбайд хэсэгчлэн болон бүхэлдээ давхцалтай нийт 1336 тусгай зөвшөөрөл тоологдсон. Одоогоор хүчинтэй байгаа хайгуулын 909, ашиглалтын 427 тусгай зөвшөөрлийг 827 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Энэ нь одоо хүчинтэй байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн 44 хувь, ашиглалтын тусгай зөвшөөрлийн 34 хувьтай тус тус тэнцэж байна.
Гэвч энэ тогтоосон хилийн заагийн цэг солбицолд алдаа мадаг ихтэй, зарим талбайн солбицол нь улсын хилийн гадна гарсан байсан. Алдааны шалтгаан нь кадастр хийлгэлгүй сумдын Засаг дарга нараас ирүүлсэн саналаар холбогдох шийдвэрийг гаргасантай холбоотой.
-Урт нэртэй хуульд нэг ч үг, өгүүлбэрийн өөрчлөлт ороогүй юм бол тэмцэл өрнүүлээд буй “Гал үндэстэн” холбооныхон чухам юу шаардаад байгаа вэ. Салбарын сайдын хувьд та тэдэнтэй уулзсан уу?
-“Гал үндэстэн” холбооныхонтой уулзсан. Тэд энэ талаарх саналаа уржигдар өглөө ирүүлсэн байна лээ. Ер нь бол сайтар ярилцах бодолтой байгаа.
-Хариуцлагатай уул уурхайн хөгжлийн санаачилга сэдвээр та бүхэн хэд хоногийн өмнө хуралдсан. Энэ хурлын ач холбогдлын тухайд ямар тайлбар өгөх вэ?
-Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт бол өөрөө их нэр хүндтэй чуулга уулзалт. Энэ чуулга уулзалтад оролцох, Монголд зохион байгуулах, Давосын чуулга уулзалтаар Монголын хөгжлийн стратегийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч ихэд санаачилгатай ажиллаж байна. Ирэх 2014 оны нэгдүгээр сард Давост чуулга уулзалт болно.
Гэхдээ Монголын өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, Монголын хөгжлийн ирээдүйн талаар яриа хэлэлцээр өрнүүлэх, хариуцлагатай уул уурхайн хүрээнд юу хийж болох вэ гэх мэтээр бүгдийг ярьж хэлэлцэж байгаа. Үүгээрээ өндөр ач холбогдолтой. Монгол Улс ардчилсан, нээлттэй “хуулийн засаглалтай орон”.
Чуулга уулзалтад оролцох, Монголд зохион байгуулах, Давосын чуулга уулзалтаар Монголын хөгжлийн стратегийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч ихэд санаачилгатай ажиллаж байна.
Энэ бол Монголчууд бидний сүүлийн 20 гаруй жилийн амжилт, бас бахархал. Засгийн газар хөрөнгө оруулагчдад нээлттэй байж, харилцан ашигтай хамтарч ажиллах болно. Манай ард түмний дунд “Сэтгэлд гал байвал, Тулганд элч байдаг" мэргэн үг байдаг.
Уул уурхайн яам, Засгийн газар нийгэмд тулгамдсан асуудлуудыг аль болох хурдан шийдэх, хөрөнгө оруулалт болон эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн ажлуудыг дэс дараатай хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажилласаар байна. “Уул уурхайн салбарын хөгжлөөс ойрын жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлт хамаарна” гэдэг нь ойлгомжтой байх аа.
Энд уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд байгаль орчны асуудлыг эн зэрэгцүүлэн тавих шаардлагатай юм. Түүнчлэн “хариуцлагатай уул уурхайн хөгжлийн санаачилга”-ын хүрээнд орлогын хуваарилалтыг хүртээмжтэй, тунгалаг явуулах, түүнчлэн “баялгийн сан”, энэ дотроо “хөрөнгө оруулалтын сан” байгуулах замаар чанартай дэд бүтцийг бий болгох, салбарын хөгжлийг дэмжих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Түүнээс гадна хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх санаачилгын хүрээнд уул уурхайтай холбогдсон нийгмийн сэтгэлзүйг бодит байдалтай уялдуулан зөв төлөвшүүлэх ажлыг бусад орны сайн туршлагыг судалж энэ салбарын харилцаанд оролцогч бух талууд хамтран зохион байгуулах нь зүйтэй юм.
Энэ ажил хэрэгжих гол үндэс нь бодитой, үнэн зөв, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээ, мэдээлэл байх учиртай. Монгол Улсын төр, засаг аль болох богино хугацаанд эрдэс баялгийн бүтээгдэхүүний боловсруулалтыг "нэмүү өртөг шингээх замаар дээшлүүлж олон улсын
түвшинд хүргэх, энэ салбарт тэргүүний техник, технологи, инноваци, менежментийг нэвтрүүлэх, тээвэр ложистик, транзит тээврийн) асуудлыг хамгийн оновчтой хувилбараар шийдэх, хөрөнгө оруулалтын тодорхой бөгөөд таатай, дунд, урт хугацаанд тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхээр чармайн ажиллаж байна.
Түүнчлэн энд сүүлийн саруудад Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх гэсэн санал, санаачилга идэвхтэй өрнөж байгааг онцолмоор байна. Энэ хугацаанд Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, иргэдийнхээ амьжиргааны чанарыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд Засгийн газар улам эрчтэй ажиллах болно.