Н.Энхтайван: Хөрөнгө оруулалтын бодлогоо хэлэлцэх хэрэгтэй
Монголын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэг дарга Н.Энхтайван
2013.09.06

Н.Энхтайван: Хөрөнгө оруулалтын бодлогоо хэлэлцэх хэрэгтэй

Монголын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэг дарга Н.Энхтайвантай гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар ярилцав.

-Хөрөнгө оруулалтын хуулийг хэрхэн өөрчлөх ёстой вэ?

Гадны хөрөнгө оруулагчид манай орчныг дүгнэсэн. Юуны өмнө гадны хөрөнгө оруулалт орох нөхцөлгүй, дэд бүтцээ сайжруулахгүй байгаа нөхцөлд хөрөнгө оруулалт орохгүй. Ялангуяа авто зам, төмөр замаа сайжруулахгүй бол хятадын том зах зээлийг ашиглах боломжгүй болно. Эдгээр дүгнэлтүүд хэн нэг улс төрчдийнх биш. Харин Монголын хөрөнгө оруулалтад санаа зовсон хүмүүсийн дүгнэлт.

Хөрөнгө оруулалтын хууль 1993 оноос байнга шинэчлэгдэж ирсэн. Улам сайжруулж ирсэн учраас жилээс жилд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн. 2005 онд 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт ирсэн орсон, 2010 онд 1 тэрбум ам.долларын хөрөнгө болж өссөн. Энэ бодлогоо зөв хэрэгжүүлснийг харуулна. Үүний нэг жишээ нь жилд 12-13 хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг тогтмол зохион байгуулаад хэвшсэн байсан. Гэтэл өнөөдөр арга хэмжээ тасалдсан.

-Ер нь бол юунаас болж ийм байдал үүсээд байна вэ?

Хууль эрх зүйн орчноо шинэчлэхгүй бол болохгүй. Ашигт малтмалын хууль шинэчлэгдэх хүлээлт, хоёрдугаарт стратегийн том ордуудын тухай хуулийн өөрчлөлтийг хүлээж байна.

Ер нь товчхондоо монгол улсад гадаадаас хөрөнгө оруулалт орж ирэх бүх үүд хаалттай болсон.  

Өнгөрсөн хавар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хуулинд өөрчлөлт оруулсан нь хүмүүст болгоомжлолыг төрүүлсэн.

 Гаднаас монгол руу 20 сая төгрөг шилжүүлсэн бол банкны хяналтад орохоор заасан байгаа юм. 20 сая гэдэг бол гадаадад амьдарч буй иргэдийн хувьд их мөнгө биш. Гэтэл хяналт шалгалтаас болгоомжлоод энэ жил гадаадад байгаа Монголчуудын 40 хувь нь мөнгөө шилжүүлээгүй гэсэн судалгаа гарсан.

Тэгэхээр бид өөрсдөө гаднаас орж ирэх зүйлээ бүх эрх зүйн орчноороо хаагаад байна шүү дээ.

-Хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэхээр оролцогч талууд нийгэмд олон янзын мессежийг өгч байна. Таны бодлоор шинэчлэл юунаас эхлэх вэ?

Нэг хуулийг шинэчлэснээр орчин сайжрахгүй. Түүнийг дагалдах хуулиудыг багцаар нь авч шинэчлэх шаардлагатай.

Ашигт малтмалын хууль, Компанийн тухай хууль, Татварын тухай хууль гэх мэт. Үүнээс урьтаад манай улс гадаадын хөрөнгө оруулалтын бодлогоо авч хэлэлцэх хэрэгтэй.  Гадаадад хөрөнгө оруулалтын бодлого нь байхгүй байна.

Төрийн захиргаандаа ийм бүтэцгүй учраас хариуцсан газар, мэргэжилтэн байхгүй болсон. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.