Ц.Баярсайхан сайд Туркийн Ерөнхийлөгчтэй уулзжээ
БНТурк Улсын Ерөнхийлөгч Абдулла Гүл өөрийн улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханыг энэ сарын 5-нд Истанбулын Тарабя дахь ордондоо хүлээн авч уулзжээ.
Сайд Ц.Баярсайхан Монгол, Түркийн харилцаа улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт амжилттай хөгжиж байгааг дурьдаад тус улсын Ерөнхий сайд Р.Т.Эрдоаны өнгөрсөн хавар Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал уг харилцааг цаашид эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэв.
Уг айлчлалын мөрөөр хийх ажлын хүрээнд хоёр улсын барилга, хот байгуулалтын салбарын хамтын ажиллагааг өргөтгөх, шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлсэн орон сууцны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд түркийн талтай хамтран ажиллах, гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгын салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаарх туршлага судлах, боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлыг сайд хөндөж ярив.
Ялангуяа, Түркийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 5000 айлын орон сууц барих ажлыг хурдасгахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхийлөгчөөс хүсэв.
Ерөнхийлөгч А.Гүл Түрк, Монголын харилцаа амжилттай хөгжиж байгааг сэтгэл ханамжтай тэмдэглээд сайдын тавьсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн Монголд шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажлыг улам өрнүүлж, эрчимжүүлэхийн тулд гадаадын, түүний дотор Түркийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллахыг зөвлөв.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнбүрэн нар мөн өдөр Түркийн Экзим банкны удирдлагатай уулзаж, Улаанбаатарт орон сууцны хороолол барихад зориулж, Түркийн Засгийн газраас олгох 300 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг ярилцлаа.