Ц.Түмэнцогт: Төр заавал “хувь эзэмшигч” байх шаардлагагүй
“Женерал Электрик” компани (GE)-ийн суурин төлөөлөгч Ц.Түмэнцогттой хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар ярилцав.
-Гадны хөрөнгө оруулалт буурч, хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцэх гэж байна. Компаниудын зүгээс энэ асуудал дээр хэрхэн хандаж байна вэ?
Ер нь дэлхий дахинд улс орнууд гадны хөрөнгө оруулалтыг татахаар өрсөлдөхийн тулд аль болох хууль эрх зүйн орчноо тогтвортой болгож, татвараа хөнгөлдөг. Ингэснээр шинэ технологийг эх орондоо нэвтрүүлж, бизнесийн өрсөлдөөн, эдийн засгийг ашгийг бий болгодог.
Хөрөнгө оруулагчид монголд хөрөнгө оруулах уу, Африкийн нэг улсад оруулахаа шийдэхийн тулд боломжтой төслүүдийг харьцуулж байгаад шийдвэрээ гаргадаг. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын хэмжээ багасч гаднаас шууд хөрөнгө оруулалттай болон монгол дах гадны хөрөнгө оруулалттай компаниуд багасч байгаа тохиолдолд бид дүн шинжилгээ хийх ёстой.
Бодлого, зохицуулалт нь хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байна гэсэн үг.
Манай улсын хувьд УИХ-ын сонгууль болж шинэ засгийн газар байгуулагдаж, хууль эрх зүйн орчин өөрчлөгдөж байдаг. Энэ мэтийн улс төрийн үзэгдлийн дараа өмнө нь зурагдсан гэрээ хэлэлцээрийг эргэн харах зэрэг хөрөнгө оруулагчдыг болгоомжлох хандлагыг төрүүлдэг. Тухайлбал Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр энэ байдал бүр илт харагдаж байна.
Хөрөнгө оруулагчид дахиад засаг өөрчлөгдөхөд ямар байх бол гэж бодсоор, эргэлзэж байна.
Хөрөнгө оруулалтын орчин өөрчлөгдвөл тэд эрсдэлд орно.
Өнөөдөр Хятад улс яаж ингэж хөгжиж чадсан бэ гэхээр 1990-ээд оноос хойш хөрөнгө оруулалтыг татах, таатай орчныг бий болгоход анхаарч, гадны хөрөнгө оруулалтыг татаж, үйлдвэрлэлдээ шинэ технологийг нэвтрүүлж, ур чадвартай боловсон хүчнээ бэлдэж чадсан юм.
Үүнд дүгнэлт хийж хөрөнгө оруулахад таагүй байгаа хууль эрх зүйн зохицуулалтын дүрэм журмаа өөрчлөх нь хамгийн зөв арга.
-Тухайлбал танай компаний хувьд өнөөдрийн нөхцөлд гадны хөрөнгө оруулалтыг хэрхэн татаж байгаа вэ?
Манай компани дандаа тоног төхөөрөмж нийлүүлдэг. Салхитын паркийн салхин сэнсийг нийлүүлсэн мөн төмөр замын зүтгүүр, дизель хөдөлгүүр, дүрс оношлогооны тоног төхөөрөмжийг нийлүүлж байгаа. Бидний хувьд хамгийн их тулгамдсан асуудал нь санхүүжилтийн асуудал байлаа.
Компаниуд манайхаас тоног төхөөрөмж авах сонирхолтой байгаа хэдий ч худалдан авах чадваргүй болчихсон. Банкны хүү өндөр, гаднаас зээл авья гэхээр хөрөнгө оруулагчид тогтворгүй орчинд зээл өгөхгүй байх гэх мэт эрсдэлүүд гарсан. Гэхдээ тогтворгүй үед хөрөнгө оруулалтыг ямар нэг аргаар авч болдог.
Эрсдэлтэй учир, хүү нь өндөр байдаг. Хэрвээ манай улс тогтвортой, найдвартай орчинтой бол бага хүүтэй зээл авах боломжтой.
-Оюутолгой хөрөнгө оруулалтыг эргэн харж байгаа үед нэг талаас төр засгийг гэдийх хэрэгтэй гэж байна. Харин та юу гэж бодож байна вэ?
Оюутолгой компаний Монголын засгийн газартай тухайн хөрөнгө оруулаллтын гэрээг тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж хийсэн. Гэрээ байгуулсан 2010 оны үед зах зээлийн нөхцөл хүнд, 2009 онд эдийн засгийн хямрал болсон байсан.
Тэр гэрээг холбогдох яам, аль болохоор монголын талд өндөр хувь хүртэх зорилготойгоор тохирч чадсан гэрээний нөхцөл.
Гэтэл өнөөдөр дараагийн асуудал үүссэн. Өнөөдөр анхны хөрөнгө оруулалтын зардал нэмэгдээд байгааг шийдэх хэрэгтэй. Монголын тал хөрөнөгө оруулалтын ямар ч бололцоо, технологи, боловсон хүчин байгаагүй учир Оюутолгой компаний хөрөнгө оруулагчдад хүндэтгэлтэй хандах нь зүйтэй.
Ер нь төр заавал уул уурхайн хөрөнгө оруулагчтай хутгалдаж, хамтран эзэмших ёстой юу гэдгийг бодох хэрэгтэй. Миний бодлоор татвараа аваад, юуг яаж хөгжүүлэх ёстойг нь гэрээндээ сайн тусгаад, хянаад явах хэрэгтэй.
Ийм зарчмаар уул уурхай хөгжсөн Австрали, Канад явж байна.
Төр хувь эзэмшихээр өөртөө ногдох хөрөнгө оруулалт, санхүүжилтээ гаргах ёстой байдаг. Зэсийн үнэ унавал эрсдлийг хамт үүрээд явна гэсэн үг. Ийм шаардлага байхгүй.