Монгол улсад хөгжлийн өргөн боломж байгаа
МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ”-нд
2013.09.16

Монгол улсад хөгжлийн өргөн боломж байгаа

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт, Монгол Улсын Засгийн газар хамтран “Монгол Улсын хөгжлийн ирээдүй” сэдвээр анхны стратегийн яриа хэлэлцээг 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

“Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын стратегийн яриа хэлэлцээ” сэдэвт дугуй ширээний уулзалтад оролцогч хүндэт зочидтой Ерөнхий сайд Н.Алтанхуяг эх орныхоо хөгжлийн бодлогын талаар санал солилцлоо.

Энэ үеэрээ Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, түүний үр дүн хийгээд ойрын ирээдүйд хүрэхээр тэмүүлж буй хөгжлийн зорилтуудаас дэлгэрүүлэн тайлбарлаж, улс орнуудтай нээлттэй хамтран ажиллах чиглэлүүдээ танилцуулсан юм.

Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж буй орнуудын нэг Монгол Улсад хөгжлийн өргөн боломж байгаа.

Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж буй орнуудын нэг Монгол Улсад хөгжлийн өргөн боломж байгааг Засгийн газрын тэргүүн онцлоод, харин энэ боломжуудыг иргэн бүртээ хэрхэн үр ашигтай хүргэх вэ, нөлөөлж буй гадаад хүчин зүйлсийг яаж давуу тал болгон ашиглах вэ гэдэг асуудлууд тулгамддаг.

Үүнийг оновчтой шийдвэрлэх хөгжлийн бодлогын тохиромжтой хувилбар, шилдэг арга замын талаар дотоодын манлайлагчид маань олон улсын шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран хэлэлцэж байгаад баяртай байна гэлээ.

Монгол Улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох цогц хувилбарууд боловсруулах үүднээс Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт 2013 оны туршид дотоодын болон олон улсын 150 шахам оролцогч, шинжээчтэй уулзаж ярилцжээ.

Энэ удаагийн дугуй ширээний уулзалтаар Монголын хөгжилд чухал түлхэц үзүүлэх уул уурхайн салбарын орлогын өгөөжийг дээшлүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх арга хэлбэрүүдийг хэрэгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт баримтлах зарчмын хувилбарууд гаргах юм.