Ерөнхий сайд багш нартай уулзжээ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг багш нартай уулзалт хийжээ.
2013.09.02

Ерөнхий сайд багш нартай уулзжээ

Найман хувийн хүүтэй зээлд багш нарыг хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах талаар судалгаа хийж байна

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилтын хүрээнд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс үндэсний хэмжээнд “Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй-технологи” сургалтыг 12 дахь аймагтаа буюу Өвөрхангай аймагт энэ 8 сарын 26-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус аймагт ажилласан Ерөнхий сайд Н.Алтанхуяг багш нартай уулзаж, орон сууцны 8 хувийн хүүтэй зээлд хамруулах, ингэхдээ урьдчилгаа 30 хувийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх талаар судалгаа хийж ажиллаж байгаа гэж хэллээ.

Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн элсэлтийн чанарт бодлогын зохицуулалт хийх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Багш бэлтгэдэг төрийн өмчийн их дээд сургуульд элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авбал сургалтын төлбөрийн 70, түүнээс дээш оноо авбал 100 хувь чөлөөлнө.

Багшлах дадлагад хамрагдах оюутан, багшийн томилолт, унааны зардал, урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Мөн багшлах дадлагыг хөдөө орон нутагт хийх нь илүү үр дүнтэй гэж үзэн дадлагад хамрагдах оюутан, багшийн томилолт, унааны зардал, урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлэх шийдвэр гаргасан гэдгийг тодотголоо.

Багш нар хүүхэд нэг бүрийн авъяасыг нээн хөгжүүлэх, хүүхэд бүрт хүрч ажиллах нь чухал. Зөв монгол хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх нь гол зорилт болоод байна.

Тиймээс монгол ахуй, монгол соёл, уламжлалыг түгээх бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж байгаа гэдгийг онцлоод  эрдэм чадалтай багш нар манай улсын хөгжлийн гол судас. Хүүхэд хөгжиж байж улс орон хөгжинө гэж  Өвөрхангай аймгийн багш нарт Ерөнхий сайд хэллээ.