Замын-Үүдийн Гаальд шинэ Цогцолбор ашиглалтад орлоо
Гаалийн шинэ Цогцолборын нээлт
2013.08.16

Замын-Үүдийн Гаальд шинэ Цогцолбор ашиглалтад орлоо

Гаалийн Ерөнхий газрын харьяа Замын-Үүдийн гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх шинэ цогцолбор ашиглалтанд орж нээлтээ хийлээ.

Дээрх цогцолбор нь Хятад улсын хилээс Монгол Улс руу чиглэсэн өндөр даацын 2,3 км хатуу хучилттай зам, гаалийн хяналтын цогцолбор барилга, иж бүрэн хоёр пүү /100-160 тонн/, ачаа барааг шалгах үед нар салхи борооны нөлөөнөөс хамгаалсан саравч бүхий гурван тавцан, нарийн царигийн шилжүүлэн ачих анги хүртэл үргэлжлэх 8,5 км замын хамт иж бүрдэл цогцолбор юм.

Дээрхи цогцолбор ашиглалтад орсоноор гаалийн хяналт шалгалтын цаг хугацаа болон хилийн боомтын нэвтрүүлэх чадвар 2-3 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна.

Замын-Үүдийн Гааль

2013 оны тавдугаар сар буюу одоогоос хоёр сар хагасын өмнө МУ-ын ерөнхий сайд дээрхи ажлыг түргэн дуусгаж ашиглалтад оруулах үүргийг ГЕГ-ын дарга О.Ганбатад өгч байсан бол төлөвлөсөн хугацаандаа бүрэн дуусгаж ажлыг хүлээн авлаа.

Энэ ажлын ач холбогдол нь Гаалийн байгууллагын гадаад худалдааг дэмжих, худалдааг хөнгөвчилж хялбарчлах ажлын хүрээнд хийгдсэн бөгөөд цаашид хэвийн найдвартай, үр дүнтэй ашиглах үүрэг Гаалийн байгууллагад ногдож байгаа юм.