Э.Бат-Үүл: Авто замын хучилтын ажилд зургаан тэрбум төгрөг шаардлагатай
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2013.08.13

Э.Бат-Үүл: Авто замын хучилтын ажилд зургаан тэрбум төгрөг шаардлагатай

Шинэчлэлийн Засгийн газраас даваа гариг бүрт бүтээн байгуулалтын ажлын явцын талаар нээлттэй хуралдаан зохион байгуулдаг болсон.

Өчигдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулахдаа Нисэх-Шувуун фабрик чиглэлд тавих авто замын хучилтын ажилд нэмж зургаан тэрбум төгрөг хэрэгтэй болсныг Ерөнхий сайдад дуулгав.

Одоохондоо “асуудал” болоод буй зам нь энэ гэнэ. Суурь далангаа барьчихсан хэдий ч олон улсын стандартын дагуу гурван ч удаа суурь хучилт хийж, 14 см зузаан зам тавихын тулд төсөвлөсөн хөрөнгөөс илүү зардал гаргах болсон юм байна.

Уг замыг тавихад Нисэхийн Цагаан хаалга “саад” болж буй гэнэ. Тэр хаалгыг уг нь шилжүүлнэ гэж төлөвлөсөн юм л даа. Яах вэ, Ерөнхий сайд аа хэмээн асуув. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Би одоо наадахыг чинь мэдэхгүй шүү дээ ” гэлээ.

Нисэхийн цагаан хаалга замын ажилд саад болж байна гэв.

Хотын дарга “За тэгвэл бид мэдээд шийдлээ шүү. Уг нь ч нийслэлийн ИТХ шийддэг л дээ. Гэхдээ танд дуулгаж байгаа юм” гэсэн. Ерөнхий сайд “Үлдсэн гурван тэрбум төгрөгөө аваад эхлээд төлөвлөсөн ажлаа дуусга. Түүний дараа нэмэлт хөрөнгийн талаар ярилцъя” гэв.

Одоогоор эхлүүлсэн замын ажлын тодорхой хувийг гүйцэтгэж дуусаад хэсэгчлэн нээж эхэлжээ. Харин Доржийн гудамж, Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон хүртэлх зам л хаалттай байгаа аж. Төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхээр төлөвлөсөн сургууль засварлах ажил 45 хувьтай яваа ч хичээл эхлэхээс өмнө дуусгахаар төлөвлөжээ.

Ботаникийн болон Цонжинболдогийн чиглэлийн замын ажил ямар байгааг Ерөнхий сайд асуугаад “Ботаникийн зам гэрээ ёсоор энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Гэхдээ ирэх долоо хоногт зорчих хэсгээ нээж, явган зам, гэрэлтүүлгийн ажил нь үргэлжилнэ. Цонжинболдогийн чиглэлд өнөөдөр 11 км зам нэмж нээлээ. Гэрээ ёсоор аравдугаар сарын 31-нд ажил дуусна” гэсэн хариулт авав.

Зам тээврийн сайд Л.Гансүх Өмнөговь, Дорноговь, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Замын-Үүдэд ажиллаад ирснээ танилцууллаа. Дундговийн замыг арваннэгдүгээр сарын 1, Дорноговийн замыг есдүгээр сарын 10-нд ашиглалтад өгч чадахаа сайд амлав.

Ажил нь урагштай байгаа гэнэ. Гэхдээ Өмнөговь аймгийн чиглэлд “Ялгуусан” компани 83 км зам барих ажил авсан ч 40 км-т нь юу ч эхлээгүй байгаа тул оор гүйцэтгэгч оруулах саналтай байгаагаа сайд хэлсэн.

Баянхонгорын замыг энэ сарын 24-нд нээнэ.

Бараг наадамтай зэрэгцээд ашиглалтад орно гэж байсан Баянхонгорын замыг энэ сарын 24-нд нээхээр болжээ. Мөн Сайншандын зам энэ сарын 5-нд бэлэн болох гэнэ. 2013 онд авто замаар холбохоор төлөвлөсөн зургаан аймгийн дөрвийнх нь ажил ийнхуү дуусах хугацаа нь тодорхой болсон байна.

Хотын дарга ажил ихтэйгээс болоод тэр бүр “Бүтээн байгуулалтын цаг"-т оролцохгүй байгаагаас болж зарим асуултад эсрэг, тэсрэг хариулт өгөх хүмүүс байгаа аж. Тухайлбал, Амгалангийн цахилгаан станцын газрыг чөлөөлсөн, үгүй гэсэн будлианыг тасалж өгөхийг Ерөнхий сайд түүнээс хүссэн.

Гэхдээ Эрчим хүчний сайд түүнд “Газар чөлөөлөхөөр бүх айлд мөнгийг нь өгсөн. Гэвч зарим нь нүүж дуусаагүйгээс газар чөлөөлөх ажил 60 хувьтай явна. Барилгын ажлаа эхэлмэгц нүүнэ” гэсэн хариулт өгнө лээ.

Н.Батбаяр сайд “Замын-Үүдийн хилийн боомтыг өргөтгөж, ачаа нэвтрүүлэх чадварыг нь нэмэгдүүлэх ажлаар яваад ирлээ. Нарийн замаар суудлын болон ачааны галт тэрэг явдаг байсан бол одоо тусдаа явна. Ингэснээр ачаа эргэлт сайжирч, иргэдийг хүндрүүлж, түгжрэл үүсгэдэг байдал үгүй болж байгаа юм” гэсэн баяртай мэдээ дуулгасан.

“Гудамж” төслийн тухайд одоогоор найман уулзварыг засварлаж байгаа аж. Мон тэрбээр “Ер нь бүтээн байгуулалтын ажил хурдацтай өрнөж байгаа. Өмнөх жилийн мон үетэй харьцуулахад энэ ажил 2.5 дахин нэмэгдэж, ДНБ-ий өсөлт хагас жилийн байдлаар 11,2 хувиар өссөн” гэлээ.