Э.Бат-Үүл: Хурдны зам хотын дэд төвүүдийг хөгжүүлэх “гол судас” болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өчигдөр орой “Гудамж” төслийн үйл ажиллагаатай танилцаж, Эдийн засгийн хөгжлийн сайд болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдлагуудтай цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар санал солилцлоо.
Тэрбээр “Хурдны зам бол зөвхөн замын ачааллыг бууруулах бус, нийслэлийн зарим байршилд газар ашиглалтыг сайжруулах, олон дэд төв бүхий хотыг байгуулахад чухал ач холбогдолтой. Тухайлбал, Сонсголон орчимд газар ашиглалт хангалттай биш.
Тиймээс энэ орчимд хотын дэд төв байгуулаад мөн хурдны замынхаа орц, гарцыг шийдээд өгвөл хот хөгжинө. Олон улсын жишиг ч тийм байдаг. Хурдны замынхаа гол гол зангилаанууд дээр дагуул хотуудаа байгуулдаг. Тэгж байж газар ашиглалт нь үр дүнтэй болж, эдийн засгийн эргэлтэд ордог” гэлээ.
Нийслэлийн хүн ам сая хол давсан ч дүүргүүдийн байршил, төлөвлөлт нь 60, 70-аад оныхоо загвараар байгаа. Харин одоо Шинэчлэлийн Засгийн газар дүүргүүдээ тэлэх бус, дагуул хот, хаяа хотуудыг бий болгохыг зорьж байгаа.
Сэлбийн хурдны зам ашиглалтад ороход Хандгайтад томоохон Эко хот шинээр бий болно.
Жишээ нь, Сэлбийн хурдны зам ашиглалтад ороход Хандгайтад томоохон Эко хот шинээр бий болно. Товчхондоо, хэвтээ болон босоо тэнхлэгийн хурдны замууд хотын дэд төвүүдийг хөгжүүлэх нэг “гол судас” болох учиртай гэдгийг хотын дарга онцолсон юм.
Түүнчлэн Налайх, Багануур гэх мэт алслагдсан дүүргүүдийн замыг хурдны зам болгож, Туулын хурдны замтай холбосноор дагуул хотууд хөгжих нэг суурь болно гэдгийг ч дурдаж байв.
“Гудамж” төслийн хүрээнд хотын авто замын сүлжээг сайжруулан хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй 33 уулзварын өргөтгөл шинэчлэлийн тухайд “Үнэхээр хотын зам шиг зам, уулзвар шиг уулзварууд ашиглалтад орж байна.
Хурдны зам
Одоо үүнийгээ бид тогтмол арчлах хэрэгтэй. Зам арчлалтын техник хэрэгсэл худалдан авах асуудлыг зохих төвшинд шийдэцгээе” гэсэн юм.
“Гэр хороолол” дэд төслийн эхлэл болох Гандан орчмын дахин төлөвлөлт мөн л онцгой ач холбогдолтой ажил. Яагаад гэвэл энэ ажил бусад бүх гэр хорооллын дахин төлөвлөлтийн загвар болох ёстой.
Тиймээс энэ намар, өвөлдөө багтаан холбогдох бүхий л судалгаа, шинжилгээ, зураг төслийн ажлыг дуусгаж, ирэх хавраас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгааг дуулгалаа.