"Бүтээн байгуулалтын цаг" уулзалт боллоо.
2013.08.13

Энэ долоо хоногт таван уулзварын шинэчлэлийн ажил дуусна

Нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөх, нэвтрэх чадварыг сайжруулах болон хурдны зам барих зорилготой “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзварыг өргөтгөн шинэчилж дөрвөн замын уулзвар болгох ажил хуваарийн дагуу явж байна.

Энэ өдрүүдэд найман уулзвар дээр ажил ид явагдаж байгаагийн тав нь энэ долоо хоногт ашиглалтад орно гэсэн мэдээллийг “Бүтээн байгуулалтын цаг”-ийн үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хийлээ.

Эдийн засгийн гол бүс болох Замын-Үүдийн чөлөөт бүсийн нэвтрэх чадварыг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн хавар Засгийн газраас гаргасан бөгөөд энэ ажил амжилттай хэрэгжиж дууслаа гэдгийг энэ үеэр мөн мэдэгдлээ.

“Амгалан” дулааны станц барих шийдвэр дөрвөн сарын өмнө гарсан ч өнөөг хүртэл барилгын ажил эхлээгүй байна.

Энэ онд зургаан аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан. Эхний гурван аймгийн замыг хүлээн авах товыг энэ хурлын үеэр Зам, тээврийн сайд А.Гансүх зарлалаа. Баянхонгорын замыг энэ сарын 24-нд, Дундговийнхыг 11 дүгээр сарын 1-нд, Дорноговийн замыг есдүгээр сарын 5-нд ашиглалтад өгөхөөр болж байна.

Өмнөговь, Хөвсгөлийн замын ажил хангалттай сайн явахгүй байгаа. Иймд эдгээр замд шинээр компани оруулах саналыг А.Гансүх сайд тавьж, энэ долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр боллоо.

Замын ажил гүйцэтгэж байгаа компаниудын ажлын явцтай Зам, тээврийн сайд болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нар танилцаад ирсэн бөгөөд замын компаниудыг ажлаа чанартай гүйцэтгэхийн дээр төлөвлөсөн хугацаанд багтаан шахаж ажиллах үүргийг өгч байгаа гэдгээ тэд хэллээ.

Уулзалтын үеэр

“Ажлыг хугацаанд нь шахах үүрэг өгдгөө болих хэрэгтэй. Тендер зарлахдаа ажлаа хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх чадвартай, ажил хэрэгч компаниудыг шалгаруулах учиртай” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

“Амгалан” дулааны станц барих шийдвэрийг Засгийн газар дөрвөн сарын өмнө гаргасан байхад өнөөг хүртэл барилгын ажил эхлээгүйд Засгийн газрын тэргүүн шүүмжлэлтэй хандлаа.

Айлууд нь мөнгөө авсан хэдий ч нүүхгүй байгаа гэсэн тайлбарыг Эрчим хүчний сайд М.Сономпил хэлээд энэ асуудлаар нийслэлийн удирдлагуудтай өнөөдөр уулзалт хийсэн. Хамтарч хүч тавьж энэ долоо хоногт барилгын ажлыг эхлүүлнэ гэлээ.

“Бүтээн байгуулалтын цаг” уулзалт ярилцлагад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг болон Засгийн газрын зарим гишүүд, яамдын төрийн нарийн бичгийн дарга нар оролцлоо.