Нийслэлийн 1 сая 100 мянган иргэн газраа өмчилж авч чадаагүй байна
Өнөөдөр нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл UB паласын концертын их танхимд газрын харилцаа, хот байгуулалтын чиглэлээр иргэдтэй уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын засаг дарга, нийслэлийн захирагч Э. Бат-үүл хот төлөвлөлт болон сүүлийн үед нийслэл хотод тулгамдаад байгаа гол асуудлуудыг хөндөн ярихдаа иргэдийнхээ амьдрах орчин, эрүүл аюулгүй байдлын ашиг сонирхолыг харгалзан үзэлгүйгээр албан тушаалтан дур зоргоороо шийдвэр гаргаж, хүүхдийн тоглоомын талбай,
ахмадуудын нарладаг талбай буюу нийтийн эзэмшлийн хуулиар хориглосон газар дээр зөвшөөрөлгүй барилга барьдаг болсон тухай хэлээд үүнийг тэрээр авилгалтай холбон тайлбарлав.
Эрх мэдэлтэй хүн юу хийж болдгийг манай газрын харилцаа тодорхой харуулдаг болсныг цохон хэлээд мөнгийг нь, авилгыг нь төлж чадаж байвал, чи Улаанбаатар хотод юуг ч хийж чадна гэсэн авилгын жишиг тогтсон ба үүний эсрэг тэмцэж эхэлсэн тухай ярьсан.
Улаанбаатар хотын хувьд газрын асуудал нилээд маргаантай байдаг ба энэ нь нэг талаас дээрх авилгалтай холбоотой нөгөө талаас иргэд маань хууль дүрэм биелүүлэхгүй дур мэдэн буудгаас газрын асуудал маргаан их үүсгэдэг байна.
Газар олгох байршил
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх хууль гарснаас хойш гэр хорооллын 92 мянган иргэн газар өмчилж авсан бол 1 сая 100 мянган иргэн газраа өмчилж авч чадаагүй байгаа. Өмчилж авч чадаагүй байгаа газар дээр нь хотоос төлөвлөлт хийгээд 52 байршлыг гаргаж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн иргэнд газар өмчлүүлж өгөх ёстой гэсэн тэмдэглэгээ тавьсан.
Харамсалтай нь энэ газар дээр иргэд зөвшөөрөлгүй очоод буучихсан байдаг нь ихээхэн хүндрэл учруулдаг байна. Дээрх асуудлууд уулзалтын үеэр яригдсан гол сэдэв байлаа. Иргэдийн зүгээс ч газрыг өмчлөх асуудлаар санал гомдлууд хэлсэн юм.
Уулзалтыг Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон Нийслэлийн захирагчийн алба хамтран зохион байгуулсан ба уулзалтын эхэнд хотын дарга газрын харилцаа, хот байгуулалтын талаар танилцуулж,
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Э.Анар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох, өмчлүүлэхээр батлагдсан 52 байршлын талаар хийгдэж буй болон цаашид хийх ажлын талаар танилцуулж, дараа нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга О.Одбаяр нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр барилга барих, зөвшөөрөл олгох үйл ажиллагаа журмын талаар иргэдэд мэдээлэл өгч,
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга М.Ням-Очир газрын харилцаа, хот байгуулалтын салбарт гарч буй түгээмэл зөрчлүүд, түүнийг арилгах арга хэмжээ болон иргэдийн анхаарах зүйлсийн тухай иргэдэд мэдээлэл өгсөн.
Харин Нийслэлийн өмчийн харилцааны газраас иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор уулзалтын үеэр газрын харилцааны өнөөгийн байдал, газар өмчлөлийн ажлыг зохион байгуулах арга хэлбэр, шинээр санаачлан хийгдэж буй ажлуудын талаар богино хэмжээний видео танилцуулга үзүүлсэн юм.