Хүнсний хяналтын байцаагч, үйлдвэрлэгчдэд зориулсан зөвлөмж гарлаа
Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг өнгөрсөн онд Улсын Их Хурлаас батлан гаргаснаар Монгол улсын хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад томоохон шинэчлэл болж, эрх зүйн цоо шинэ орчинг бүрдүүлж өгсөн.
Хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан иргэн хуулийн этгээд, улсын байцаагч, хүнсний сүлжээнд оролцогч хүн бүрт хуулийг сурталчлан таниулах хэрэгцээ гарч ирсэн.
Үүнтэй холбогдуулан Олон Улсын Санхүүгийн Корпорациас хүнсний хяналтын байцаагч, үйлдвэрлэгчдэд зориулсан гарын авлага, зөвлөмж номыг хэвлүүлэн Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад өнөөдөр хүлээлгэн өглөө.
Хүнсний хяналтын байцаагч, үйлдвэрлэгчдэд зориулсан гарын авлага, зөвлөмж
Энэхүү номыг хүлээн авах үеэр Шадар сайд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах суурь нөхцөл болсон үйлдвэрлэлийн зохистой дадлыг үйлдвэрлэгчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдүүлэхэд энэхүү ном чухал гарын авлага болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.
Шинэчлэлийн Засгийн газар хяналт шалгалтын улмаас бизнесийн салбарт очиж буй дарамтыг аль болох багасгах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлж, хяналтын байгууллагын үйл ажиллагааны 70-аас доошгүй хувийг зөвлөн туслах хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байгаа.
Дашрамд хэлэхэд Монгол Улсын Шадар сайд энэ сарын эхний арав хоногийг өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын ажил байдалтай танилцах, мөн 2013 оны эхний хагас жилийн ажлыг дүгнэж, сүүлийн хагас жилд хийх ажлын төлөвлөлттэй танилцахаар боллоо.