О.Баасанхүү: Автобусанд явж байгаад хэтэвчээ суйлуулчихлаа
УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүнийхээ үнэмлэхийг гээгээд удаж байна. Тэрбээр үнэмлэхээ хаясан тухайгаа хэд хэдэн удаа өдөр тутмын сонинуудаар зарлуулсан ч үнэмлэх нь олдоогүй аж. Уг шалтгааны улмаас О.Баасанхүү гишүүн ажил дээрээ ирсэн ч орж чадахаа байсан талаар Төрийн ордноор нэг яригдах болсон. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодрууллаа.
-Та гишүүнийхээ үнэмлэхийг яаж яваад гээчихсэн юм бэ?
-Би автобусанд явж байгаад л хэтэвчээ суйлуулчихсан. Тэр хэтэвчин дотроо УИХ-ын гишүүний үнэмлэхээ хийчихсэн байсан юм. Мэдээж тухайн хүн миний гишүүний үнэмлэхийг ашиглана гэж юу байх вэ. Гэхдээ бусдад нэг жишиг тогтоомоор байгаа байхгүй юу.
-Ямар жишиг гэж?
-Ямар ч байсан энэ бол хүчингүй болсон шүү, дахиад авъя гэдэг утгаар тэр л дээ. Ер нь тогтсон дүрэм, журмаараа бол хаяж, гээгдүүлсэн бичиг баримтыг заавал зарлуулсан байх шаардлагатай юм билээ.
Тэгээд ч өнөөдөр ямар журам мөрдөгдөж байна, тэрийг хүн бүр дагах ёстой. Нэгэнт гишүүнийхээ үнэмлэхийг гээчихсэн учраас журам ёсоор зарлуулах нь зөв биз дээ. Тэрнээс УИХ-ын гишүүн гэхээр бусдаас онцгойрч, талхны үнийг ч мэдэхгүй байх албагүй.
-Хэтэвчинд тань хэр их мөнгө байв?
-Шалихгүй ээ. Ердөө зуу гаруй мянган төгрөг л явсан.
-Гишүүний үнэмлэхээ хаяснаа зарим хэвлэлээр зарлуулсан байсан. Олдоогүй юу?
-Олдоогүй.
-Таныг үнэмлэхгүй гээд Төрийн ордонд хамаагүй нэвтрүүлэхгүй байгаа нь үнэн үү?
-Үгүй ээ. Би ажилдаа ирдэг цагтаа ирж, орж, гарч байгаа. Төрийн ордонд саадгүй нэвтэрдэг.
-Тэгэхээр та одоо болтол УИХ-ын гишүүний үнэмлэхээ аваагүй хэвээр гэж үү?
-Үнэмлэхээ хаяж, гээгдүүлсний дараахан дахин шинэ үнэмлэх гаргуулж авсан.
-Та нийтийн тээврээр тогтмол үйлчлүүлдэг үү?
-Долоо хоногт нэг удаа автомашинд дугаарын хязгаарлалт хийдэг, болсноос хойш нийтийн тээврээр зорчдог болсон. Гэхдээ долоо хоногийн нэг л өдөр автобусанд сууж ажилдаа ирдэг юм. Тэгээд ч одоо автобус таксинаас ч хурдан явдаг болсон юм билээ.
-Таныг өнөөдөр Франц руу явна гэж байсан. Ямар ажлаар явж байгаа вэ. Наадам хүртэл ирж амжих уу?
-Тиймээ. Би Европын холбооны улсын Аюулгүйн зөвлөлийн татвар, төсвийн сэдэвтэй семинарт оролцохоор явж байгаа. Гэхдээ наадам хүртэл амжиж ирнэ. Өнөө жилийн наадамд өмсөх дээлийг ээж маань оёод дуусчихсан гэсэн. Ирээд ээжийнхээ оёж өгсөн дээлийг өмсөөд Төв цэнгэлдэхэд, наадмын нээлтэд оролцоно доо.