МАН-ын эрх ашиг ба Ө.Энхтүвшин гэж хэн бэ
Энэ нам ардчиллын 23 жилийн түүхэнд хоёр удаа сөрөг хүчин болж, бусдад нь төр, засгийн эрхийг тасралтгүй барьжээ. Ялагдлын гэж хэлж болох энэ үеийг нь эргэн харж өнөөдрийнхтэй харьцуул бал МАН-ын уналт, бууралтын ийм үед “хоёр Энх” хэмээн нэрлэгдэж асан Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар намаа удирдан тэргүүлэх хувь тохиолтой байсан бололтой. МАХН 1996 онд Засгийн эрхээс анх удаа бууж сөрөг хүчин болоход “хоёр Энх” намдаа шинэчлэлийг анх эхлүүлж, 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Н.Энхбаяр МАХН-ын дарга, УИХ дахь МАХН-ын бүлгийн даргаар сонгогдож байсан байх юм.
Харин одоо МАН-ын хоёр дахь уналтын үед Ө.Энхтүвшин нь намын даргаар сонгогдож, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд штабаа удирдан оролцож байна. Уналтын дараа энэ нам улам хүчтэй болдог түүх бий. Харин энэ удаад хэрхэх нь намын дотоод эв нэгдлээс шууд хамаарах болов. Ялагдсан нам ядруу болдог нь гашуун ч гэсэн үнэн.
Ийм л үед нам доторх долдой, дагалдагчид, эрх мэдэлд дурлагсдын үнэн нүүр царай илчлэгддэг. Энэ байдал ч МАН-д илэрч эхэлсэн. Эрх мэдлээ эргэн санагалзсан, сүр хүчээ үгүйлсэн, намын нөмөр нөөлөг, хамгаалалтыг эрсэн олон хүн энэ намд бий. Тийм хүмүүс энэ бүхний бурууг намынхаа удирдлагаас хайж, өөрсдийнх нь өмнөөс жадны үзүүр, сумны зэв болох лидерийн эрэлд морддог.
Харамсалтай нь улс төрд үүссэн өнөөдрийн нөхцөл байдал АН-д нэгэнт төвлөрсөн болохоор МАН ямар ч мундаг лидерээр удирдуулаад эрх мэдлээ эргүүлэн авах боломжгүй л болов уу. Харин энэ Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга штабаа хэрхэн удирдаж, гишүүд нь түүнийг хэрхэн дэмжихээс намынх нь хувь заяа шалтгаалах болоод байна. Ялагдсан намын ачааны хүнд, хариуцлагын ихийг намын удирдлагууд нь үүрч дүүрч, өндийж босгохын төлөө зүтгэдэг. Ийм ачааг дааж, үүрч чадах хүнээ туг болгон сонгож, хүлээн зөвшөөрдөг.
Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн дараа намаа ялуулж чадаагүйнх нь төлөө өмнөх дарга Сү.Батболдод хариуцлага тооцож, шинэ лидерээрээ Ө.Энхтүвшинг сонгосон. Тэр үед ялагдсан намыг тэргүүлэх зоригтой, хариуцлага үүрч чадах лидер байтугай лойдор ч энэ намд байгаагүй юм. Тиймдээ ч өрсөлдөх ганц ч хүнгүйгээр шаварт унасан шарын эзнээр Ө.Энхтүвшин тунаж үлдэн 89 хувийн саналаар сонгогдсон нь хэвлэлийн хуудаснаа үлджээ. Эрх баригч намын эрх мэдэлгүй, албан тушаалын хуваарилалтгүй, амбицтай олон гишүүнийхээ амыг тослох “бялуу”-ны ч хэлтэрхийгүй ийм намыг тэргүүлэхийг зөвшөөрсөн Ө.Энхтүвшин гэж хэн бэ.
Энэ намыг унаж тусан дэнчигнэж, улс төрөөс арчигдана хэмээн хүсэн хүлээж байсан үед тулгын гурван чулууны нэг нь болж түшиж тулж, босгож байсан түүх энэ хүнд бий. Түүнийг нам дахь залуучууд нь У.Хүрэлсүх шиг эрс зоримог, хийрхүү ч гэмээр авир гаргаж үзээгүй, Ц.Нямдоржийнх шиг өчигдөр, уржигдрын тооцоог сөхөн гаргаж түүнийгээ хахир хатуугаар илэрхийлж чадах шазруун, тэмцэгч чанаргүй хэмээн үздэгээ цааш харан ярьж явна. Гэтэл энэ нь лидерийн тодорхойлолт мөн үү.
Ө.Энхтүвшин аядуу зөөлөн харагддаг. Асуудалд илүү нухацтай, энэ хэрээрээ хүлээцтэй ханддаг нь У.Хүрэлсүх шиг дэвэргэн, Ц.Нямдорж шиг шазруун харагдуулдаггүй байж мэднэ. Гэхдээ намынх нь дарга зөөлөн, эсвэл шазруун байснаас нам нь том байж, гишүүд нь дарга болдог гэсэн үг биш. Харин намын дарга хэн байснаас үл хамаарч, гишүүд нь сонгосон хүндээ итгэл хүлээлгэн нэгэн зүгт зүтгэж чаддаг байх нь л улс төрийн намуудын амжилтад хүрэх гол чанар. Өнөөдөр УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нь бүгд АН-ын талд байна. Эднийг дагасан бүх эрх мэдэл хууль, шүүх засаглал, хүчний байгууллагыг АН хянаж байна. Ийм үед МАН-ын дарга У.Хүрэлсүх эсвэл өөр хэн нэгэн болоод ч юу хийж чадна гэж. Хүчирхийлэл хүчирхийлэл л дагуулдаг. Харин зөөлөн нь хатуугаа иддэг гэсэн ардын үг бий. Эрх мэдэл бүгд нэг тал руу шилжсэн ийм үед Ө.Энхтүвшин эвийг хичээж, зөвийг дэмжиж намаа хөтөлж буй нь Ардын намыг эрх мэдлээс холдуулсан ч, ард түмэнтэй нь ойртуулж чадсан. Ардын намд энэ л хэрэгтэй байсан.
2000 оноос хойш бүхэл бүтэн нэг үед энэ нам дангаараа болон хамтарч эрх барихдаа тэнгэрийн нам болсон нь үнэн. Харин одоо ардынхаа амьдралыг мэдрэх нь алдаа биш, оноо авчирч эхэлснийг МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжиж буй ард түмний дэмжлэгээс мэдэрч болохоор байна. Ө.Энхтүвшинд өнөөдөр зөвхөн намын даргын эрх мэдэл бий. Тэр үүндээ эрдэж, бярдаж байсангүй. Тиймдээ ч Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахад даргын эрх мэдлээрээ далайлгалгүй, гишүүддээ сонгох эрх чөлөөг эдлүүлж, МАН-ыг даргын биш, ардын нам болсныг харуулж чадсан.
Стандарт бус Засгийн газар гэдэг шиг МАН-ын түүхэнд анх удаагаа болсон энэ үзэгдэл Монголын улс төрд содон, цочир байсан. Энэ бол Ө.Энхтүвшингийн МАН-ын даргаар сонгогдсоноос хойших МАН-д гарсан “стандарт бус” шийдвэр байлаа. МАН үндэсний бөхийн дархан аваргыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлснээр басамжлалын бай болж байсан нь саяхан. Харин одоо энэ шийдвэрийн үр дүнд МАН Ерөнхийлөгчийн эрх мэдлийг эргүүлэн авч мэдэх сонголтыг сонгогчдод үлдээв.
Ө.Энхтүвшинд хувь хүнийх нь хувьд өө бий. Тэр аядуу хүлээцтэй. Түүнийг өөлөх гэсэн, буруутгах гэсэн омголон, ойворгон хүмүүс үүгээр нь буруутгаж, муулж, гоочилж байна. Магадгүй энэ нь хэл амаараа биш, “хөлөөрөө” учраа ололцдог манай улс төрд дутагдалтай тал байж мэднэ. Харин дэлхийн улс төрд бол энэ нь улстөрчийн давуу тал болдог. Ө.Энхтүвшинд үүнээс өөр өөлөх, гоочлох юу байгаа билээ. Тэр УИХ-д дөрвөнтөө сонгогдож, Байнгын хорооны даргаас эхлээд сайдын албан тушаалыг хашиж байлаа. 12 жил улс төрийн “том” тогоонд чанагдахдаа түмний мөнгийг идэж уусан, төрийн бодлогыг гуйвуулж дайвуулсан гэх хэрэгт нэр холбогдож байгаагүй. Тиймдээ ч Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн адил “нэр цэвэр, мөр цэвэр” намын дарга тулдаа намынхаа ч, нэр дэвшигчийнхээ ч сонголтод “цэвэр“ дэмжлэг үзүүлж буй болов уу. Ө.Энхтүвшингээс өмнөх МАН-ын дарга нар нам, засгаа жинхэнэ утгаар нь хамтад нь “базаж” байлаа.
МАНын дарга бөгөөд Ерөнхий сайд хэмээх өндөр албан тушаалыг зэрэгцүүлэн хашдаг байв. Нам доторх хэл ам таталдаг, эсэргүүцэн тунирхдаг хүмүүсийн амыг албан тушаалаар “барьдаг” байлаа. Яагаад гэвэл тэр хүнд намынх нь ч, Засгийнх нь ч эрх мэдэл байсан. Тийм болохоор Ө.Энхтүвшингээс өмнөх дарга нар хүчирхэг, өө сэвгүй хүмүүс байсан гэж үү. Харин одоо Ө.Энхтүвшинд намын дарга гэх сэтэрнээс өөр юу байгаа билээ. Тэр үүнийгээ хамгаас сайн мэдэж, мэдэрч байгаа. Тиймдээ ч тэр ийм эрх мэдлийн төлөө дарга болж, дарамт үүрээгүй байх. Харин намаа унасан үед нь тулах цэг, түшиг тулгуур нь болж Ерөнхийлөгчийн сонгуулиар өндийж босгохын тулд сайн мууг тэвчин, тэсэж өнөөдрийг хүрсэн биз ээ. МАН-д даргын биш, намын эрх ашиг бий. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр тодорхой болно.