Ард түмний ерөнхийлөгч
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.07.05

Ард түмний ерөнхийлөгч

Цахиагийн Элбэгдорж гэдэг хүн Монголын ард түмний "аав"-аар хоёронтоо өргөмжлөгдлөө. Өргөмжлөхийн учир нь тэр удахгүй "хүүхдүүд"-ийнхээ өмнө тангараг өргөнө. Өмнөх Ерөнхийлөгч нар тангарагаа Төрийн ордонд, УИХ-ын 76 гишүүний өмнө өргөдөг байсан бол энэ удаа тэрбээр ард түмнийхээ өмнө андгай тавина. Ирэх дөрвөн жидд ард олноо гар газар, хөл хөсөр амрааж, улс гэрээ өөдлөн дэвжээхээ амлана.

Өрсөлдөгч, сөргөлдөгч нартаа ам асуулгахгүйн тулд амрах завгүй ажиллахаа тангараглана. Эв эеийг эрхэмлэж, шударга бус, хууль бус бүхэнтэй хатуу тэмцэхээ илэрхийлнэ.

Энэ бүх амлалтууд нь хэрхэн   хэрэгжихийг ирэх  дөрвөн жилд ард түмэн харна. "Тэртэй тэргүй 2016 онд надад ямар ч шаанс байхгүй юм чинь, одоо нэгэнт сонгогдсон болохоор яасан ч яах вэ" гэж бодохгүй ажиллана гэж монголчууд түүнд найдаж байгаа. Ерөнхийлөгч гэдэг билэг тэмдэг төдий хүн биш харин ч  төрийн  тэргүүн  гэдэг  утгаараа төр  засаг,   түмэн  олныхоо  тусын тулд чадахаасаа чадахгүйг нь хүртэл хийнэ гэсэн үг.   

Монголчууд тэнгэрлэг заяатай ард түмэн. Ийм тэнгэрлэг ард түмнийг удирдан жолоодно гэдэг хэр баргийн аавын хүүгийн хийдэг ажил биш гэдгийг өмнөх Ерөнхийлөгч нар бататгасан. Монголчууд Ерөнхийлөгчтэй болсон цагаасаа хойш хоёр л хүнийг хоёронтоо сонгосон. Н.Багабанди, Ц.Элбэгдорж хоёрыг уран цэцэн үгтэйд нь бус ухаалаг болохоор нь сонгосон гэж бодож байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлж дуусаад Н.Багабанди шиг титэм үг урлаж суухаас өөр ажилгүй болно гэж хүмүүс мөрийцөж байна лээ шүү.