Штаб Командлагч
Намуудын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн штабыг удирдаж буй хүмүүс тодроод удаж байна. Тэд нэр дэвшигчтэйгээ л хамт ил болсон.
Армийн хэлээр бол жанжин штабын дарга нар, ерөнхий командлагч нар юм. Тэдний удирдлагын ур ухаанаас тулааны баатруудын хувь заяа хамаарна гэвэл нэг их хол зөрсөн болохгүй байх.
МАН-ын нэр дэвшигчийн сонгуулийн штабыг намын дарга Ө.Энхтүвшин удирдаж буй. АН-ын штабыг ч мөн Н.Алтанхуяг дарга нь ахалж байгаа. МАХН-ын штабыг харин дэд дарга Д.Тэрбишдагва нь залж байна. АН-ын нэр дэвшигч Ерөнхийлөгчийн ажлаа хийсээр байгаа тул Н.Алтанхуяг даргад нэлээд хялбар ч байж мэднэ.
2000 оны сонгуулийн өмнөх дөрвөн жилд тэр үеийн МАХН ялагдаж, царай дарсан он цагуудад тэрээр ачааны хүндийг үүрч гарсныг хэн хүнгүй л мэднэ.
Өөрөө ч Ерөнхий сайдын ажлаа хийгээд завгүй л байдаг сурагтай. Д.Тэрбишдагвын хувьд ялгаагүй, нэр дэвшигч нь сайд, өөрөө Шадар сайд тул тэдэнд Засгийн ажил мөн л их байгаа нь ойлгомжтой. Ө.Энхтүвшингийн тухайд нэр дэвшигчтэйгээ хоёул УИХ-ын гишүүд юм.
Н.Алтанхуяг, Д.Тэрбишдагва нар ч УИХ-ын гишүүн боловч тэд сайдын алба давхар хашдаг тул УИХ-ын гишүүний гэхээсээ гүйцэтгэх засаглалын ажилдаа жин даруулдаг. Ер нь л чуулганы танхимд сөрөг хүчний сөргүү үгээ хэлж суудаг хоёр нь нэг талдаа гарсан байгаа юм.
Ингээд бодохоор Ө.Энхтүвшинд арай илүү үүрэг, хариуцлага нөгөө талаар боломж ногдсон ч байж мэдэх. Түүнийг сонгуулийн компанит ажил ид өрнөж байгаа энэ үеэр нэлээд гоочилж байна.
Сөрөг пиар юм уу, мөргөх хүслээ нууж ядсан зэвтэй сум юмсан уу алийг таашгүй ч нэр дэвшигч Б.Бат-Эрдэнээс илүү олны анхааралд оруулж ирлээ. Нэг талаар МАН-ын даргад үнэгүй сурталчилгаа хийж өгчээ гэж үзэгсэд ч байна.
Ө.Энхтүвшинг сонгуулийн ажлын туршлагагүй гэжээ. Бодвол албаар өөлсөн биз. Тэрнээс биш 2000 оны сонгуулийн өмнөх дөрвөн жилд тэр үеийн МАХН ялагдаж, царай дарсан он цагуудад тэрээр ачааны хүндийг үүрч гарсныг хэн хүнгүй л мэднэ. Хамгийн хүнд үед намаасаа зарим нь дөлж, орхиж явах нь бий.
Гэтэл Ө.Энхтүвшин тэгээгүй, харин ч ялагдсан намын нарийн бичгийн даргаар ажилласан юм. Одоо ч мөн тэр үеийн түүх давтагдаж, тэрээр МАН-ын даргаар ажиллаж байна. Өмнө нь Нийслэлийн намын хорооны дарга байхдаа орон нутгийн сонгуульд намаа удирдан орж ялуулсан туршлага түүнд бий.
Тэр үед, МАН яг одоогийнхтой төстэй байдалд, мөн л сөрөг хүчин байсан цаг. Чухам тэр хүнд үеэс л Ө.Энхтүвшин намынхаа төлөө тууштай зүтгэсээр өдийг хүрсэн. 2000 оны сонгуулийн ялалт, түүнээс хойшхи ялалтууд ч түүнтэй салшгүй холбоотой. Гэхдээ нэг л зүйлийг анхаарахгүй орхиж боломгүй.
Дандаа ялагдсан үед нь дугтарч босгоод намаа ялуулж байсан эрч хүч, туршлага, эрэмгий зан түүнд байдаг. Тэр шуурхай, дайчин хүн. Аваргын сонгуулийн штабын ажил ямархан их урам, эмх цэгц, хатуу чанд төлөвлөгөөгөөр урагшилж буйг олон түмэн бэлхнээ харж байна. Энд л Ө.Энхтүвшингийн лидерийн зангараг, штаб командлагчийн ур чадвар оршиж буй.