Хариуцлагатай уул уурхайн зарчмыг дагаж мөрдөхөд санаа, зорилго нэг байгаа
Өнөөдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайд С.Оюун, Уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамба нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав.
Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, байгаль орчныг хамгаалах үүргийн хэрэгжилтийг сайжруулах, нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг дээшлүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хоёр талын хамтын ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор энэхүү Санамж бичгийг үзэглэлээ.
Энэ үеэр БОНХ-ийн Сайд С.Оюун хэлсэн үгэндээ, Байгаль орчны нөхөн сэргээлтийн стандартыг ханган ажиллахад бид ихээхэн анхаарал хандуулж байна, байгаль орчны аудит хийх шинэ зохицуулалтыг эхэлж байна.
Ногоон хөгжлийн асуудалд Уул уурхайн үндэсний ассоциаци нэгдэж байгаад баяртай байна гэв. Уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамба, уул уурхайн компаниуд хариуцлагатай уул уурхайн зарчмыг дагаж мөрдөхөд санаа, зорилго нэг гэдгээ илэрхийлж гарын үсэг зурсан.
Тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайн голлох чиг үүргийг манай ассоциаци хүлээж байгаа юм. Цаашид бид үүргээ хариуцлагатай биелүүлэхийн төлөө ажиллах болно гэлээ.
(2-р хэсэг)
Талууд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий компаниудад нийгмийн хариуцлага, түүний дотор хариуцлагатай уул уурхайн зарчмыг таниулах, нэвтрүүлэх, үр дүнг тайлагнах, үнэлэх ажлыг зохион байгуулах, дэмжих,
Байгаль орчныг хамгаалах тухай хуулиуд болон эрх зүйн баримт бичгүүдэд судалгаа, мониторинг хийх, боловсронгуй болгох үндэслэл, санал хүсэлтээ харилцан солилцох, дүгнэлт гаргах, эрх бүхий байгууллагад уламжлах,
Хариуцлагатай уул уурхайг бий болгох санамж бичигт гарын үсэг зурлаа
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий компаниудын байгаль орчны талаар хүлээх хариуцлагыг өндөржүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх үр ашигтай, зөв механизм, тогтолцоог бий болгоход хамтарч ажиллах,
Нөхөн сэргээлтийн ажилд сүүлийн үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, энэ талаарх аж ахуйн нэгжүүдийн санал санаачилгыг дэмжих чиглэлээр өөр, өөрсдийн хүч, нөөц бололцоог бүрэн дайчилж, Талуудын дээд шатны албан тушаалтнууд санаачилга, хариуцлагыг хүлээж ажиллахаа Санамж бичигт тусгажээ.
Мөн холбогдох сэдвээр сургалт, семинар, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, харилцан мэдээлэл солилцох, хууль ёсны үйл ажиллагаа, үүсгэл санаачилгыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах юм.
Энэхүү санамж бичиг нь 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байна.