2013.06.10

Геологийн салбарынхан Франц улстай хамтарна

Уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд түлхүү анхаарч, геологийн салбарыг орхигдууллаа гэх шүүмж саяхныг болтол гарч байсан. Тэгвэл геологийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, мэдээлэлтэй болгох талаар анхааран ажиллаж байгаа аж.

Энэ хүрээнд өчигдөр Уул уурхайн сайд Д.Ганхуяг Францын Геологийн албаны Филип Гомер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан. Францын Геологийн төв нь 1997 онд манай улсын Геологийн мэдээллийн төвтэй хамтран сансрын гэрэл зургийн дүрс боловсруулах иж бүрэн төв, мөн зүүн өмнөд хэсгийн 280 мянган ам.км талбайг бүрхсэн сансрын дижитал зургийг монголын талд хүлээлгэн өгч байжээ.

Үүнийг уулзалтын үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг тодотгон хэлж, баярласнаа илэрхийлсэн юм. Мөн геологийн мэдээллийн сан бүрдүүлэх, мэргэжилтнийг мэргэшүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлэх саналтай байгаагаа хэлсэн байна. Түүний хариуд Францын Геологийн төвийн тэргүүн ноён Филип Гомер 2005 онд Ашигт малтмалын газартай байгуулсан санамж бичгийг ажил хэрэг болгохыг сануулж, цаашдаа тогтоосон харилцаагаа сэргээх хүсэлтэй байгаагаа онцлон хэлжээ.