Цахим хуудсаар “Өглөөний шинэ санаа”-г 5000 гаруй хүн сонирхжээ
Гуравдахь удаагийн ярилцлага өнөөдөр 08.20-10.00 цагт болж, энэ хугацаанд www.zasag.mn цахим хаягт 5000 гаруй иргэн хандаж Ерөнхий сайдын шууд ярилцлагыг сонирхжээ.
2013.03.04

Цахим хуудсаар “Өглөөний шинэ санаа”-г 5000 гаруй хүн сонирхжээ

Дугуй, цана, гүйлтийн зам байгуулж өгөөч, спорт заалны түрээсийг хямдруулах боломж байна уу, хүүхэд залуучуудад чөлөөт цагаа өнгөрүүлэх газар цөөхөн байна,  архигүй дүүрэг, хороо, гудамжийг зарлая гэхчлэн эрүүл мэнд, зөв амьдрал, хөгжлийн төлөөх санал хүсэлт “Өглөөний шинэ санаа” цахим ярилцлагын үеэр олон ирлээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг баасан гариг бүрийн өглөөг шинэ санаа, бүтээлч санал, хүсэлт болоод ард иргэдийн өмнө тулгарч буй асуудлыг сонсох ажлаар эхлүүлдэг болоод байгаа. Гуравдахь удаагийн ярилцлага өнөөдөр 08.20-10.00 цагт болж, энэ хугацаанд www.zasag.mn цахим хаягт 5000 гаруй иргэн хандаж Ерөнхий сайдын шууд ярилцлагыг сонирхжээ.

Улаанбаатар хот болоод Хөвсгөл, Ховд, Увс, Орхон, Өвөрхангай, Завхан зэрэг аймгаас цахим ярилцлагад холбогдож нийт 600 гаруй санал хүсэлт, асуулт  facebook, twitter, мэйл хаяг, мессэнжерээр ирлээ.

Улаанбаатар хотыг дагуул хоттой болгох хэрэгтэй, нийтийн бие засах газар цөөнөөс гадна аймаг, сумын сургууль цэцэрлэгийн бие засах газар шаардлага хангахгүй байна, хувь хүний мэдээллээ хэзээнээс автомат машинаас авдаг болох вэ, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн оронд эрүүл мэндийн цахим карт ашиглая, ДОХ-той тэмцэх үндэсний хороо гэж бий. Гэтэл энэ өвчнөөс илүү олон өвчлөлтэй элэгний өвчнөөс сэргийлэх, иргэдээ хамгаалах байгууллага манайд алга, баар цэнгээний газрыг эрт хааж байх нь зөв, дүүрэг хороодод архи зардаг дэлгүүр, архины үйлдвэрийн газрыг цөөлмөөр байна, орон нутгийн замд тэмдэг, тэмдэглэгээ хангалтгүй байна гэсэн санал хүсэлт олон байлаа.  

Төрийн албаны нэрээр нийлж мөнгө идсэн хүмүүст тооцох хариуцлага сул байна, үрж зарлагадсан хөрөнгийг нь хоёр дахин нугалж төлүүлэх хэрэгтэй, Улаанбаатар хот руу чиглэсэн нүүдлийг зогсоохын тулд аймгийн төвийг хот болгон хөгжүүлэх нь зөв юм. Монгол Улс өөрийн гэсэн онгоцтой болох нь зөв гэсэн ажил хэрэгч саналууд олон ирснээс гадна Шинэчлэлийн Засгийн газар болоод Ерөнхий сайдад амжилт хүсч, ил тод нээлттэй байж, иргэдээ сонсож байгаад нь талархал илэрхийлж байлаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг асуултуудад хариулж, Шинэчлэлийн Засгийн газрын эхлүүлсэн болоод энэ хавраас хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтынхаа ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулж,  иргэдийн зарим саналыг судалж ажил хэрэг болгохоо амлалаа.

Энэхүү цахим ярилцлага МҮОНР-гийн орон нутагт цацалттай 3 сувгаар нийт радио сонсогчдод хүрснээс гадна нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг богино долгионы хоёр FM радио шууд дамжууллаа.