Инфляци 9.8 хувь биш харин 16 хувьтай байгаа гэж боддог
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай манай улсын эдийн засгийн хүрээний асуудлаар ярилцлаа.
-МАН, АН-ынхны дунд хамгийн ихээр яригдаж буй сэдэв бол төрийн залгамж холбоо. Үнэхээр аль ч шатандаа төрийн залгамж холбоо алдагдаж байгаа гэдэгтээ санал нийлдэг үү?
-Монгол Улс гэж байгаа бол төрийн залгамж холбоо гэж байх ёстой. Улс орны хөгжил гэдэг дөрвөн жилээр хэмжигдэх учиргүй. Өмнөх Засгийн газрын бодлогыг хэрхэн үргэлжлүүлэх талаар дараагийн Засгийн газар нь ажиллах ёстой.
Өмнө нь болж бүтэхгүй байсан зүйлийг сайжруулж, болж байсныг нь үргэжлүүлж явах ёстой. Өмнөх Засгийн газрууд Монгол Улсын хөгжлийн төлөө л бодлого боловсруулж ажиллаж байсан нь лавтай.
Харин тэрхүү хөгжлийн төлөө бодлого нь алдаатай байсан уу, үгүй юу гэдэгт энэ Засгийн газар дүгнэлт хийгээд хэрхэн сайжруулах талаар чиглэлээ барьж ажиллах ёстой. Гэтэл өмнөх Засгийн газрын үед бүх зүйл болж бүтэхгүй байсан юм шиг ярих нь утгагүй л юм.
-Гадаадын хөрөнгө оруулалт буурсан гэдэг мөртлөө эдийн засагчид энэ талаар нэгдсэн ойлголтгүй тайлбар хэлдэг. Эдийн засагч гишүүний хувьд үүнийг юу гэж бодож байгаа вэ. Ер нь хөрөнгө оруулалт буурснаар манай улсад ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалт буурсан гэдэг нь стратегийн тоо мэдээллээс тодорхой харагдаж байгаа. Үүний шалтгааныг хүмүүс янз бүрээр л тайлбарлаж байна. Тухайлбал, Өнгөрсөн онд уул уурхайн төсөл хөтөлбөрүүд олноор орж ирсэн ч энэ жил тэр үзүүлэлт буурсантай холбоотой гэх нь бий.
Монголын зах зээлд үйлдвэрлэгч үйл ажиллагаагаа явуулна гэдэг маш хүндрэлтэй
Манай улсын эдийн засаг зөвхөн уул уурхай дээр оршин тогтнодоггүй шүү дээ. Бүхий л салбарт хөрөнгө оруулалт орж ирж байгаа. Гаднаас орж ирж буй хөрөнгө оруулалт буурснаар манай улсад мөнгөний хомсдол үүсэх гол шалтгаан болсон. Манай улс үнийг тогтворжуулах гээд мөнгө үйлдвэрлээд байх нь том алдаа. Ингэснээр юмны үнэ, инфляцийг барих боломжгүй болно.
Эрх баригчид инфляци буурсан энэ тэр гэж байгаа ч жирийн худалдаа наймаа эрхэлж буй хүмүүст хөрөнгө оруулалт буурсан нь ажиглагдаж байгаа. Орон нутгийн худалдааны төвөөр үйлчлүүлдэг иргэдийн тоо багассанаар зарим нэг лангуунуудаа хааж байна гэсэн мэдээлэл бий.
Би саяхан Сэлэнгэ аймагт ажиллахад иргэд энэ талаар нэлээд санаа нь зовсон янзтай ярьж байсан. Энэ нь юу хэлээд байна гэхээр, Монголын зах зээл дээр байгаа мөнгөний хэмжээ багасч байна гэсэн үг. Иргэдийн орлогын түвшин буурна гэдэг худалдан авах чадвар буурч байна гэсэн үг шүү дээ.
-Энэ байдал цаашид даамжирвал юунд хүрэх вэ?
-Ард түмний нуруун дээр маш том ачаа ирнэ. Хамгийн гол нь ард түмний амьдралд хүнд дарамт учирна гэдгийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй.
-Манайх гадаадаас эдийн засгийн хараат бус байж, дотооддоо эдийн засгаа бүрдүүлэх бололцоо бий юу?
-Манай улс газар зүйн байршлын хувьд их онцлогтой. Хоёр том гүрний дунд оршдог. Төр, засгийн удирдлагуудын түвшинд эдийн засгийг зөв голдиролд нь оруулаад хоёр хөрштэйгөө найрсаг харилцаагаа өргөжүүлээд, эдийн засгийн зөв оновчтой бодлогыг тодорхойлоод ажиллавал маш том боломж бий.
Ингэхгүйгээр хоёр хөршөө алгасаад бусад орны үгэнд ороод яваад байвал мэдээж хоёр хөршийнхөн дургүйцнэ шүү дээ.
Тухайлбал тэд одоо дургүйцлээ илэрхийлээд хил дээр нь байгаа энэ их нүүрсийг авахгүйгээр Орос, Хятад хоёр гэрээ байгуулаад Хятад улс хөрөнгө оруулалт хийгээд явчихлаа шүү дээ. Тиймээс бид энэ байгаа нөөц бололцоогоо ашиглаад зөв бодлого тодорхойлж тэр олон хүн амын нэг хувьд нь хүрэх төдий л зах зээлийг хангахад болно шүү дээ.
-Эдийн засгийн чухам ямар оновчтой бодлого явуулах ёстой гэж?
-Монголын зах зээлд үйлдвэрлэгч үйл ажиллагаагаа явуулна гэдэг маш хүндрэлтэй. Энэ өргөн уудам нутаг дэвсгэрт амьдарч буй 2.8 сая хүнд өөрсдийнхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хүргэнэ гэдэг хэцүү. Тиймээс манай улс хоёр хөршдөө үйлдвэрлэгч байх ёстой. Энэ хоёр том зах зээл юу ч үйлдвэрлэж оруулсан тусгаж авах боломжтой.
Манай улс дотоодын зах зээлээ хангахдаа гол нь биш, гадаад зах зээлд бүтээгдэхүүн үйлдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Ингэснээр эдийн засаг тогтвортой байх болно.
-Инфляцийн түвшин 9.8 хувьд хүрсэн гэж яриад байгаа. Энэ бодит тоо юу?
-Би энэ тоонд эргэлзэж байгаа. Бодит тоо биш. Инфляцийг барихын тулд янз бүрээр оролдож байна. Засгийн газар “Чингис” бондыг ашиглаж инфляцийг барих гэж янз бүрээр оролдож байх шиг санагдана. Ер нь инфляци 9.8 хувь биш харин 16 хувьтай байгаа гэж боддог.
Бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийнхээс хэдэн хувиар нэмэгдсэн гэдгээр л инфляцийн түвшин тодорхойлогдоно. Жишээ нь өнгөрсөн жил махны үнэ томоохон дэлгүүрүүдэд 8000 төгрөг байсан бол энэ жил 10500 төгрөгийн ханштай байна. Бараг 20 хувиар өсчихсөн байхад инфляци есөн хувьтай байна гэж ярих нь утгагүй.
-Засгийн газраас “Чингис” бондоос санхүүжүүлэхээр бүтээн байгуулалтын ажлуудыг нэрлэсэн байгаа. Гэтэл сөрөг хүчний зүгээс түүнээс илүү их ажлыг хүлээж байх шиг харагддаг?
-Бонд гэдэг үнэтэй мөнгө, хүүтэй зээл. Хүүтэй авсан мөнгө Монгол Улсын ирээдүйн орлогыг барьцаалчихдаг юм. Тав, зургаан аймгийг хар замаар холбоно гэж ярьж байгаа. Аймгуудыг хатуу хучилттай замаар холбосноор Монголын эдийн засагт тодорхой өгөөж өгөх ёстой. Ингэж байж ирээдүйд олох орлого нэмэгдэж тэр орлогоороо бид бондынхоо мөнгийг төлөх ёстой.
Харин өгөөжөө өгөхгүй хөрөнгө оруулалтад бондын мөнгө зарцуулснаас хамаараад ирээдүйд олох орлого нь тодорхойгүй болно. Магадгүй та өрхийн эзэн байх. Өрхийн тэргүүнд өрхийн санхүү гэж бий шүү дээ. Түүнтэй адил улс орны санхүү гэж бий. Бүх зүйл санхүүгээр зохицуулагддаг. Хувь хүн банкнаас зээл авахын тулд өрхийн орлогоо тооцдог. Гэтэл Манай улс ийм тооцоогүйгээр зээл авчихсан гэдгийг л шүүмжлээд байгаа.
Хүүтэй авсан мөнгө Монгол Улсын ирээдүйн орлогыг барьцаалчихдаг юм.
Ингэснээр ирээдүйн монголчуудын нуруун дээр маш том ачаа ирнэ. Түүнээс биш мөнгө олж ирэх нь сайн хэрэг. Хамгийн гол нь орж ирсэн мөнгө, хийх гэж буй зүйл хоёрынхоо үр ашгийг маш нарийн тооцоолох хэрэгтэй.
-Сангийн сайд “Чингис” бондын хөрөнгөөр эдийн засгаа нөхөөд зогсохгүй 50 хувийн ашиг олж байгаа гэсэн?
-Шинэчлэлийн Засгийн газрын гишүүдийн нэг хэсэг нь эдийн засаг сайн байна, нөгөө хэсэг нь хүндэрч байна гэж яриад байгаа. Тэдний ярьж буй зүйл хоорондоо зөрчилдөөд байгаа. Эдийн засаг ойлгож буй хүмүүс нь эдийн засаг хүндэрч байна гэж хэлдэг.
Гэтэл ойлгодоггүй нөхдүүд нь улс орон сайхан, эдийн засаг өсч байгаа юм шиг ярьцгаах юм. Ард түмэн бодит байдлыг сайн ойлгож байгаа.