Г.Баярсайхан: Цөөнх гэдэг шүүмжлэлээ зөв тавьж эрүүл улс төр хийх ёстой
УИХ-ын гишүүн, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-АН засгийн эрх бариад бараг нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд олонхийнхоо үүргийг хэр сайн биелүүлж байна гэж та харж байна вэ?
-Бид үнэмлэхүй олонхи болоогүй. Засгийн газрыг бусад улстөрийн хүчнүүдтэй хамтарч бүрдүүлсэн. Миний хувьд манай нам их чухал цаг үед үйл ажиллагаа явуулж байна гэж бодож байгаа. Дэлхийн эдийн засгийн хөгжлийг харж байхад манайхтай хамт ардчиллын гараанд гарч байсан улсуудын зарим нь асар их хурдацтай хөгжсөн байна.
Харин манай улсын хувьд нэг л зүйл хүнд байсан нь хөрөнгө санхүүгийн асуудал. Улстөрийнхөө хувьд манайх дэлхийн АОХН-ийг даргалж нэг ёсондоо ардчилсан тогтолцоог улам батжуулаад явж байгаа. Гэвч энэ хугацаанд өмнөө тавьж байсан хамгийн гол зорилтуудаа хэрэгжүүлэх бололцоо, боломж тэр бүр олддоггүй байлаа.
Бидний зүгээс МАН-ын бүлэг хуулийнхаа дагуу бүлгийн асуудлаа оруулж ирээгүйгээс болж жаахан гацаа гарсан тал бий.
Харин 2000 оноос хойш уул уурхайн салбар хурдацтай хөгжиж, байгалийн баялаг түүхий эдээ экспортолж эхэлсэн. Энэ хэрээр эдийн засаг сайжирсан. Ийм үед манай нам засгийн эрхийг барих боломжтой болсон нь бас их сайхан хувь тохиол гэж харж байгаа.
Шинэчлэлийн Засгийн газар 1.5 сая төгрөгийн бонд гаргаснаар өмнө нь олон засгийн хэрэгжүүлэх гэж байсан том төслүүдийг бодит ажил болгох боломж бүрдлээ. Боломж гарч ирж байгаа дээр нь бид юм хийх хэрэгтэй.
-Олон жил төр барьсан нам сөрөг хүчин болж байна. Гэтэл энэ нэг жил шахам хугацаанд сөрөг хүчиндээ ажиллах, үгээ хэлэх боломж олгохгүй байх үе цөөнгүй байсан гэж шүүмжлэх хүн гарч мэдэх юм?
-Олонхи цөөнх гэдэг асуудал мэдээж аль ч төрийн үед байдаг. Энэ удаагийнхыг цөөнх шиг цөөнх байж чадаж байгаа эсэхийг нь олон нийт дүгнэсэн байгаа. Цөөнх гэдэг шүүмжлэлээ хүртэл зөв тавьж, улс төрөө ч эрүүл хийгээд явах ёстой. Бидний зүгээс МАН-ын бүлэг хуулийнхаа дагуу бүлгийн асуудлаа оруулж ирээгүйгээс болж жаахан гацаа гарсан тал бий.
Түүнээс биш цөөнхийг хавчиж, шахаж, ажиллах бололцоо олгохгүй байсан зүйл огт байхгүй. УИХ-ын дэгийн хуулийнхаа дагуу л явж байгаа. Одоо улс төрийн хүчнүүд ойлголцолд хүрээд УИХ элэг бүтэн боллоо. Байнгын хороод ч бас хуулийн хүрээнд бүрдээд явж байна. Манай байнгын хороонд л гэхэд парламентад суудалтай бүх улс төрийн хүчнүүдийн төлөөлөл байгаа.
-Хууль зөрчдөг асуудал хэвийн үзэгдэл болж байна гэдэгтэй санал нийлэх үү. Ерөнхий сайд нь хууль зөрччихөөд Цэцээр асуудлыг нь хэлэлцэх гэхээр шийдвэрээ цуцалдаг гэх мэт үзэгдэл гарч байна?
-Ерөнхий сайдын ТЕГ-т хийсэн томилгоог Үндсэн хуулийн цэц хууль бус гэж дүгнэсэн байна билээ. Түүний дараа Б.Ариунсан гэдэг хүнийг буцаж албан тушаалд нь авчихсан байсан. Үүнд Ерөнхий сайд өөрийн тайлбараа хийсэн. “Монгол Улсын Ерөнхий сайд танхимынхаа үйл ажиллагааг явуулахад нүд чих болж байгаа агентлагаасаа шаардлагатай мэдээллийг хангалттай авч байх ёстой.
Энэ үүднээс даргыг нь солилоо” гэж мэдэгдсэн байсан. Миний хувьд ажлын шаардлагаар л ийм алхам хийсэн гэж бодож байгаа. Харин С.Баярцогтын хувьд Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж байсан хүний хувьд улстөрчийн том алдаа гаргасан гэж би дүгнэсэн.
Түүнийгээ ч илэрхийлсэн. Яах вэ тэр Вержини арал нь мөнгө хадгалуулахад татваргүй юм билээ. Монголдоо татвар төлөхгүй байх л сонирхол байсан юм уу гэж ойлгосон. Харин тэр Хятадын Монгол гэсэн тухайд бол ёс зүйн том алдаа л гэж бодож байгаа.
-АН-ын тухайд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахаас эхлээд УИХ-ын дэд даргыг томилох зэрэг асуудлаас болоод дотоод ардчилалгүй нам гэсэн ойлголтыг олон нийтэд өгөөд байна. Залуучуудын төлөөлөл нь ч гомдоллосон тал байгаа. Харин та энэ шүүмжлэлийг хэр бодитой гэж үзэх вэ?
-Манай нам улс төрийн хамгийн сонгодог хэлбэртэй. МАН дотроо ганц нэг фракц бий болоод, жигүүр даль нь урган, үзэл бодлоороо ялгараад хөгжиж байна гэж харагдаж байгаа. Түүний дэргэд манай нам дэлхийн аль ч намтай дүйцэхүйц сонгодог хэлбэрээрээ байгаа. Тэр ч утгаараа фракцуудын хоорондох тэмцэл зөрчилдөөн байдаг л асуудал.
Улс төрийн талбарт залуучууддаа асар их эрх дарх өгч, дэмжиж байна гэж хэлэхгүй. Яагаад гэвэл бид хэн нэгний дэмжлэгээр биш өөрсдийнхөө замыг тавьж яваа. Д.Ганбат гишүүн өөрийнхөө байр суурийг илэрхийлж байна билээ. Би ч гэсэн өөрийнхөө байр суурийг чөлөөтэй илэрхийлээд л явдаг.
-Анх ардчиллыг авчирсан “Алтан хараацай”-ууд одоо дөнгөж 50 нас өнгөрч явна. Нэг үгээр ид ажиллаж, хөдөлмөрлөх үе дээрээ байна гээд танай намын удирдлагууд хадаатай байсаар байна.Тэднийг улстөрөөс буух хүртэл та болон таны үеийн залуучууд Байнгын хорооны даргаас дээш гарахгүй бололтой?
-Байгалийнхаа жамаар яваад дараа нь би гарна гэж хэлэх гээд байна уу. Тийм юм байхгүй ээ. Улс төрд улс төрчийнхөө жам ёсоор л явна. Хэн илүү хүлээн зөвшөөрөгдөнө, тэр дээшээ гарна. Түүнээс биш алтан хараацайнуудаа байнга туг болгоод, дарга тавиад явна гэсэн ойлголт манайд байхгүй.
Залуучууд кабинетэд ороод ажиллаж л байна. Байнгын хороо даргалаад явж байгаа миний хувьд цэргийн хуаран шиг ээлж дараа солигдохыг хүлээгээд байх зүйлгүй.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаагаа хийж байна. Тэдний хэн нь түрүү авбал энэ улс оронд хэрэгтэй байх болоо. Намын өнцгөөс бус иргэн хүний байр сууринаас хандахад?
-Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороог даргалж буйн хувьд, мөн хувь хүнийхээ хувь хүний зүгээс хоёр зүйлийг онцолж хэлмээр байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд лиценз олголтыг зогсоосон нь маш том улс төрийн эр зориг. Дотоод дахь улс төрийн лообиноос гадна дэлхийн уул уурхайн лообины эсрэг зогсч чадсан алхам.
Хэдий хэмжээний талбайг уул уурхайн ковш сэндийчиж хаяхаас сэргийлж чадав гээд ярих юм бол олон зүйл байгаа. Надад Ерөнхийлөгчийн санаачилж оруулж ирэх гэж буй Ашигт малтмалын тухай хуулийг нь өөрөөс авахсан гэсэн бодол байгаа. “Үндсэрхэг үнэр үнэртсэн” хууль орж ирээсэй гэж хүлээж байгаа.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж архин далайд живсэн үед “идээний дээж сүү” гэдэг хуучин уламжлалыг сэргээсэн. Үүнд дийлэнх хүмүүс ач холбогдол өгч байгаа гэдэгт би итгэлтэй байдаг. Энэ чинь л харин үндэсний аюулгүй байдал, монгол хүний ирээдүйн төлөөх том алхам юм шүү дээ. Одоо Ерөнхийлөгчийн санаачилснаар Архины хууль боловсруулж байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа.
Нэр дэвшигчдийн тухайд надтай адилхан эмч мэргэжилтэй, түүхэн дэх анхны эмэгтэй хүн нэр дэвшигч өрсөлдөж буй гэдгээрээ онцлог сонгууль болж байна. Б.Бат-Эрдэнэ гишүүний маань хувьд газар шорооныхоо төлөө надтай дуу хоолойгоо өргөж явсан. Тиймээс энэ удаагийн сонгууль нэлээн өвөрмөц сонгууль болно гэж ойлгож байгаа.
-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тухайд “намын Ерөнхийлөгч” гэдэг шүүмжлэлийг дагуулдаг гэм бий. Ийм зүйл байсан уу?
-Үгүй яах вэ. Шүүмжлэх гэж хорхойсоод байгаа хүмүүс нь нэг намын Ерөнхийлөгч гэх л байх. Гэтэл лиценз хориглох чинь нэг намтай ямар хамаа байх вэ. Энэ бол Монголын ард түмний л төлөө хийж байгаа ажил.
-УИХ-аар яаралтай батлах шаардлагатай байгаа Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төслийг өнөөдөр хаалттай хэлэлцсэн.Ер нь хар жагсаалтад орчихвол ямар хариуцлага үүрэх юм бол гэдэг дээр мэдээлэл өгөөч?
-Терроризм бол дэлхий нийтийг түгшээж байгаа асуудал. Манай улс терроризмын хуультай. Олон улсын хэд хэдэн конвенцод нэгдэж, Олон Улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын гишүүнээр элссэн. Тус байгууллагаас 40 гаруй шаардлага тавьдаг юм билээ. Түүнд нь мөнгө угаах, терроризмтай тэмцэх тухай хуультай байх ёстой юм билээ.
Хууль хяналтын байгууллагууд том том мөнгөн урсгалуудыг хянаж байхын тулд энэ шаардлагын нь биелүүлээгүй нөхцөлд банкуудын гадаад гүйлгээг нь хаах, хадгаламжийг нь түгжих гэх мэт арга хэмжээ авдаг юм билээ. Хүнлэг энэрэнгүй нийгэмд хүрнэ гэдэг тэр хэмжээний үнэлэмж байх ёстой шүү дээ. Тиймээс бусад улсын хэмжээнд л очих ёстой байх.
-20 сая төгрөгийн босгыг хэтэрхий намхан гэлцээд байх юм. Жирийн нэгэн наймаачин л ийм хэмжээний гүйлгээ хийдэг болоод байгаа шүү дээ?
-Ойролцоогоор 20-иод мянган доллар. Тэгэхээр энэ хэмжээний мөнгөөр террористууд юуг ч дэлбэлж болно. Тйимээс тэр талаасаа энэ бол байх л ёстой жишиг.