Сумдыг хөгжүүлэх талаар Засгийн газарт үүрэг өгнө
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
2013.02.05

Сумдыг хөгжүүлэх талаар Засгийн газарт үүрэг өгнө

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар улс орны хэмжээнд хүлээгдэж буй зарим асуудал, цаашид хийх ажлын талаар хэлэлцсэн байна. Энэ тухай тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Чуулганы хуралдаанаар Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийн хийж, батална. Тиймээс бүлгийн гишүүд «МИАТ» компанийн асуудлаар байр сууриа илэрхийлж, уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлгээр батлах нь зүйтэй гэж үзжээ. Гэхдээ «МИАТ» компанийн хувьчлалын тухайд өнөөгийн цаг үетэй холбогдуулж харах зүйлүүд байгаа аж.

Түүнийг мэдээлэл хийх үеэр зарим зүйлийг тодрууллаа.

-«МИАТ» компанийг тойрсон гэмт хэрэг, мөнгө угаасан шинжтэй асуудал яригдаж байгаа. Энэ талаар гишүүд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх ёстой. Өнөөдөр «МИАТ» компани хамгийн үнэ цэнгүй байгааг далимдуулж хувьчлах нь гэж нийгэм хардаж байна. Тиймээс «МИАТ» компанийг үнэ цэнтэй болгосны дараа хувьчлах талаар ярих хэрэгтэй гэж үзлээ.

Чуулганы хуралдаанаар «МИАТ» компанийн 51-ээс доошгүй хувь нь төрийн өмчид байна гэдэг заалт унасан.

Энэ заалтын томъёоллыг өөрчилж, үндэсний агаарын тээврийн статус олгоно гэж өөрчлөх нь зүйтэй. Ер нь, олон жил төрийн өмчийг үнэгүйдүүлж, их зүйлийг шахдаг, шамшигдуулдаг явдлыг таслан зогсоох талаар шуурхай арга хэмжээ авна. Зөвхөн төрийн өмч ч биш, улстөрийн аргаар асуудлыг шийддэг тогтолцоог халах хэрэгтэй.

-Эдийн засгийн хөгжлийн яамнаас «Сум» төслийн талаар мэдээлэл хийсэн гэсэн. Төсөлд ямар зүйлүүд тусгагдав?

-Тус яамнаас гаргасан «Сум» төслийн талаар сонслоо. Өмнөх бүлгийн хуралдаанаар нийслэл, хөдөөгийн амьдралтай холбоотой олон багц асуудал хэлэлцсэнийг ард түмэн санаж байгаа. Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах талаар нэлээд даацтай төсөл явж байгаа. Энэ бол хотыг хөгжүүлэх ажил. Одоо сумд, хөдөөгийн иргэдийн амьдралыг хэрхэн сайжруулах талаар ярьж байна.

«Сум» төслийн гол үзэл санаа нь хөдөөгийн иргэдийн амьдралыг сайжруулснаар хотын хүн амын саармагжуулалтыг хэрхэн шийдэхэд оршиж байгаа. Уг төслөөр сумын иргэдийн амжиргааг дээшлүүлэх, хүн бүрт 10 мянган төгрөгийг хүүгүй зээлүүлэх, жижиг дунд, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хүн тус бүрт 100 мянган төгрөгийг жилийн долоон хувийн хүүтэй, 55 сарын хугацаатай зээлүүлэх боломжийг судлах, аймагт хөгжлийн хөрөнгө оруулалтыг дэмжих үүднээс нэг сая төгрөгийн зээл олгох талаар ярилцсан.

Энэ нь агуулга, зорилгын хувьд их том. Гэхдээ бүлгийн гишүүд энэ ажлыг эхлүүлэх нь зөв гэж үзсэн. 330 сумыг тэгш хөгжүүлэх талаар анхаарч ажиллахыг Засгийн газарт үүрэг болголоо. Мөн хөдөөд сайхан амьдрах, хотын иргэдийг хөдөө рүү нүүх боломжтой эсэх талаар гишүүд ярилцлаа.