Ардчилсан намын ээлжит видео хурал боллоо
Ардчилсан намаас зохион байгуулдаг ээлжит видео хурал өнөөдөр боллоо. Хуралд намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга Э.Батсуурь нар оролцов. Ардчилсан нам намын дүрмээ шинэчлэн боловсруулж дууссан байна. Тиймээс шинэчлэн боловсруулсан дүрмээ орон нутаг болон нийслэл, дүүргийн намууддаа хүргүүлж нэг сарын дотор тэдний саналыг авах болсныг энэ үеэр Ц.Оюундарь дарга дуулгав. Мөн намын сайт demparty.mn шинэчлэгдэн шат шатны намын байгууллагууд өөрсдийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй олонд түгээх болон намын гишүүнээр элсэх иргэд саналаа илгээж анкет бөглөх боломжтой болсныг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар 400 орчим иргэн тус сайтаар дамжуулан намд элсэх саналаа илэрхийлээд байгаа аж. Дээрх сайтын бас нэг онцлог нь намын нийт гишүүд сайтад хандан гишүүнчлэлийн анкет бөглөснөөр намын хүний нөөцийн мэдээлэл нэгдсэн нэг санд нэгтгэгдэх боломжтой болж байгаа юм байна.
Өнгөрсөн оны энэ үед 21 аймгийн намын удирдлагууд ардчилал ялсан дөрвөн аймгийн нэг болох Сүхбаатар аймгийн бүтээн байгуулалттай танилцаж олон улсаас биш орон нутгаасаа туршлага солилцохын зэрэгцээ Шилийн Богд ууланд гарч ажил үйлсээ даатгаж байсан. Тэгвэл тэд энэ удаа ирэх дөрвөн жил Хэнтий аймагт хийх бүтээн байгуулалттай танилцахын сацуу Сүхбаатар, Дорноговь аймгийн хөгжлийг судалж шинийн наймны өдөр Шилийн Богд уулнаа гарч хийморио сэргээх гэнэ.